Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 512 хүчтэн зодоглосноос Увс аймгийн Ховд сумын уугуул Намсрайжавын Батсуурь ес даван түрүүллээ. Ингэснээр дархан аварга Х.Баянмөнхөөс хойш Увс нутгаас 53 жилийн дараа дархан аварга цолтон төрж байна.
Үндэсний бөх өнөө цагт мэргэжлийн спорт тийш хөгжиж, дархан аварга бүү хэл дараалан түрүүлэхэд ч хэцүү болсон үе. Гэтэл ардын төрийн наадамдаа дөрөв түрүүлж, зургаа дараалан шөвгөрнө гэдэг нэгэн арванд тохиохгүй амжилт билээ.
Өдгөө 36 настай Н.Батсуурь анх аймгийн начин цолтой байхдаа л сураг нь сонсогдож, Увсын цэнхэр хязгаараас бадрах дараагийн хүчтэн гэгдэж байв. Түүний өвөө Ж.Гэлэг нь улсын начин, аав Г.Намсрайжав нь улсын харцага цолтой бөгөөд өвөө Ж.Гэлэг нь 1950 оны Ардын хувьсгалын 29 жилийн ойгоор дархан аварга Ш.Батсууриар тав давж, улсын начин цол хүртсэн учир ач хүүдээ бэлгэдлийг нь бодож, их аваргын нэрийг хайрлажээ.
Тэгвэл тус үйл явдлаас хойш 74 жилийн дараа Ж.Гэлэгийн ач хүү Н.Батсуурь дархан аварга гэх эрхэм хүндтэй цолны эзэн боллоо. Дархан аварга бүү хэл улсын начин цол авах гэж бүх насаа зориулж, өдөр шөнөгүй, өглөө оройгүй бэлдэж, бодож, зорьж, зүүдэлж хонодог. Гэтэл бидний цаг үед монгол бөхийн түүхэнд өөрийгөө дархалж үлдээлээ. Дархан аварга бол даяар дуурсагдаж, үеийн үед яригдах эрхэм дээд цол.
Ардын хувьсгалаас хойш Монгол бөхийн түүхэнд дархан аварга цолтон аравхан төрлөө.

Н.Батсуурь энэ жилийн наадамд цолны эрэмбэ, дараа гэж юу байдгийг харуулсаар түрүүлэв. Монгол бөхөд нас бус цолыг хүндэлж, цолоороо мөнхөрдөг уламжлалтай. Тэр ч утгаараа ам авахаас эхлээд барилдаан бүрийг удирдаж, чиглүүлэв.
Гурвын даваанд дархан аварга Г.Өсөхбаяр өвдөг шороодсон учир дөрвийн даваанаас эхлэн зүүний магнайд даян аварга Н.Батсуурь гарч, наадмыг "удирдаж" эхэлсэн. Тавын даваанд тэрбээр хамгийн түрүүнд ам авахдаа улсын аварга Г.Эрхэмбаярыг амласан нь наадамчин олны анхаарлыг татав. Монгол бөхийн түүхэнд тавын даваанд хоёр аварга хоорондоо барилдана, нэгнийгээ амлана гэдэг тун ховор тохиол.
2014 оны наадамд дархан аварга А.Сүхбат гурвын даваанд дархан аварга Г.Өсөхбаярыг амласан ч барилдалгүй тахимаа өгсөн түүхтэй.

Зарим бөх сонирхогчид Н.Батсуурь аваргыг "Хөгшин хүн амлалаа", "Гар амар даваа ахих гэж байна" гэж шүүмжилсэн бол зарим нь "Найрааг үгүй хийж байна", "Шударга наадмыг хүслээ" гэж байв. Сүүлийн жилүүдэд Г.Эрхэмбаяр аварга тавын даваанд аймгийн арслан, заан цолтой бөхчүүдийг "дэмжиж", улсын цолтон болгож байгаа нь нууц биш. Тэгвэл энэ жил тийм зүйл болсонгүй. Үр дүнд нь тавын давааны сүүлийн дүйцэд улсын начин цолны төлөө дөрвөн аймаг, цэргийн цолтон барилдаж, наадмыг үзүүштэй болгосон.
Н.Батсуурь, Г.Эрхэмбаяр аваргуудын барилдаан удаан үргэлжилж, энэ үед Н.Батсуурь аварга барьцгүй хавирч, Г.Эрхэмбаяр аваргыг сөхрүүлсэн. Гэвч засуулууд үүнийг нь тооцоогүй бөгөөд хоёр аварга дахин золгож, Н.Батсуурь аварга давжээ.

Зургаагийн давааны ам авахад Н.Батсуурь аварга хүссэн, хүсээгүй ганц л сонголттой байсан. Угаасаа Б.Пүрэвсайхан заан барилдах боломжгүй болсон дүрмээрээ хамгийн өндөр цолтон нь гоц мөргөсөн хэрэг. Хэрэв Н.Батсуурь аварга өөр ам авсан бол П.Бүрэнтөгс, О.Хангай, Б.Орхонбаяр нарын нэг нь Б.Пүрэвсайханыг амлаж, даваа ахих учиртай байлаа.
Ийнхүү долоогийн даваанд энэ жил улсын харцага цолны болзол хангасан Говь-Алтайн Т.Сайханжаргалыг, наймын даваанд улсын заан цолны болзол хангасан Төв аймгийн Д.Хүдэрбулгыг, есийн даваанд улсын арслан Б.Орхонбаярыг тус тус давж, түрүүлсэн.
Б.Орхонбаяр, Н.Батсуурь хоёр өмнө хоёр удаа учраа таарахад хоёуланд нь залуу арслан илүүрхсэн байжээ. Сүүлд Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн улсын баяр наадмын есийн даваанд учраа таарахад Б.Орхонбаяр давж, арслан цолны болзол хангасан түүхтэй.
Энэ цаг үеийн монгол бөхийн ертөнцөд Н.Батсуурь шиг бяр тэнхээ гэхээсээ илүүтэйгээр “толгой”-оороо барилддаг, ам авах, өрсөлдөгчөө судлах зэрэг дээр сайтар төлөвлөгөөтөй хүн тун цөөхөн. Есийн даваанд ч гэсэн Б.Орхонбаярын хурдтай, ширүүн барилдааныг сааруулж, өөрийнхөө санасан барьцанд хүрсэн. Бөх бүр зүлэг ногоон дэвжээнээ гарахдаа өрсөлдөгчийнхөө эсрэг тактик, ур ухаан боловсруулж гардаг. Барилдаан гэдэг бол барьцалдахын нэр биш. Үүний ард ухаан уралдаж байдаг юм.
Засуулууд өөрсдийн бөхийн элэг бүс, гараас барих буюу тэврэн "тавилц" гэсэн тохиолдолд л барилдааныг зогсооно гэсэн дүрмийн заалт бий. Өчигдрийн шийдвэрлэх барилдааны үеэр засуулууд бөхийнхөө элэг бүс, гараас барьсан, тэвэрсэн зүйл байхгүй билээ.

Эцэст нь Ерөнхийлөгчийн зарлиг гарч, наадамчин олон сонссоноор Намсрайжавын Батсуурь Монгол Улсын дархан аварга боллоо. Тэрбээр 2014, 2018, 2019, 2024 онуудад түрүүлж, монгол бөхийн оройд залрав. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Өглөөний мэнд. Баяр хүргэсэн хүн болгонд баярлалаа. Баярлаагүй хүн бүхэнд баярлалаа. Дархан аварга хэмээх эрхэм цолонд хоёргүй сэтгэлээр таван настайгаасаа зодог өмсөж мөрөөдлөө биелүүлэлээ. Баярлалаа" гэжээ.
Харин Б.Орхонбаярын хувьд 26 насандаа хоёр ч удаа төрийн наадмын түрүүг булаалдаж, ирж яваа цаг гэдгээ харуулсан. Өргөн Сэлэнгээс дахин аварга төрөх нь ердөө л цаг хугацааны асуудал аж. Магадгүй дараа жилийн долдугаар сарын 12-ны өдөр Ерөнхийлөгчийн зарлиг уншуулж, Монгол Улсын аварга болохыг үгүйсгэхгүй.
Энэ жилийн наадмаар нэг нь дархлагдаж, нэг нь хайрлагдлаа. Дараа жилийн наадам даанч хол байна даа.

3,569.17






















































Холбоотой мэдээ