Японы баруун хэсэгт орших Эхимэ мужийн Мацуяма хотод хөрсний гулгалт үүссэн байна. Улмаар гурван хүн нурангид даруулсан байх магадлалтай тул эрэн сурвалжилж байна гэж эрх баригчид мэдэгдэв. Тодруулбал, Мацуяма цайзын ойролцоох уулын бэлд Баасан гаригийн өглөөний 04:00 цагт хөрсний гулгалт үүсчээ. Нийт 50 метр өргөн, 100 метр өндөр уулын бэл хэсэг бүхэлдээ нурж, ойр орчмын шавар байшин, орон сууц сүйтгэгдсэн байна. Мөн тухайн орон сууц, байшингийн хий алдагдсан тул гал гарах аюултай байгаа аж. Аврах ангийн ажилтнууд тухайн хий хаанаас алдаж байгааг тодруулахаар ажиллаж буй.
Хотын захиргаа гамшигт нэрвэгдсэн Шимизү дүүргийн 13,226 айл, өрхийг нүүлгэн шилжүүлэх тушаал гаргаж, хамгийн аюултай нөхцөл байдлыг тодорхойлох тавдугаар зэргийн сэрэмжлүүлэг өгчээ. Оршин суугчдыг бат бөх барилга, байшингийн дээд давхар эсвэл аюулгүй газар луу явахыг эрх баригчид уриалсан аж. Мацуяма хотод Баасан гаригийн өглөөний 08:00 цагийн байдлаар 213 миллиметр хур тунадас орж буй нь хөрсний гулгалт дахин үүсгэж болзошгүй гэж албаныхан мэдэгдэв. Мөн энэхүү бороо нь бүтэн долоон сарын хур тунадасны хэмжээтэй дүйцэж буйг онцоллоо.
Эх сурвалж: NHK JAPAN
Холбоотой мэдээ