АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден улсынхаа эдийн засгийн шинэ хөдөлгүүр гэх төсөлд 1.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах болсноо мэдэгдлээ. Тэрбээр цахилгаан машины үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх нь АНУ-ын эдийн засаг төдийгүй, ажлын байрыг нэмэгдүүлнэ гэж үзэж буй. Хятад, АНУ-ын эдийн засгийн дайн өрнөж байгаа энэ үед цахилгаан машин үйлдвэрлэлтэд хөрөнгө оруулж буй явдал нь Жо Байден сонгогчдын саналыг авахын тулд юм гэж шинжээчид үзэж буй. Учир нь анхдугаар мэтгэлцээнээс хойш Жо Байденыг улс удирдахад хэтэрхий хөгширсөн гэж хүмүүс шүүмжилж буй.
Байден кампанит ажлынхаа хүрээнд цахилгаан машинд хөрөнгө оруулж байна. "General Motors", "Fiat Chrysler" болон бусад машин үйлдвэрлэгчдэд 1.7 тэрбум ам.долларыг хуваан олгох юм. Мөн Мичиган, Пенсильвани, Жоржиа зэрэг найман мужид хаагдсан 11 байгууламжид хөрөнгө оруулалт хийх болно. Төсөл хэрэгжсэнээр 15 мянган ажлын байр хэмнэгдэж, 3000 орчим шинэ ажлын байр бий болно гэж тооцоолжээ.
Байден цахилгаан машины салбарт хөрөнгө оруулах болсон талаараа мэдэгдэхдээ Дональд Трампийг буруутгахаа бас мартсангүй.Тэрбээр өрсөлдөгч Трампийг ажлын байр хомс болгож, ажилчин ангийн иргэдийг хөсөр хаясан гэж мэдэгджээ.
Эх сурвалж: NHK
Холбоотой мэдээ