Хүй долоон худагт хорхог 150 мянга, айраг 5000 төгрөгийн үнэтэй байна 

Хуучирсан мэдээ: 2024.07.12-нд нийтлэгдсэн

Хүй долоон худагт хорхог 150 мянга, айраг 5000 төгрөгийн үнэтэй байна 

Хүй долоон худагт хорхог 150 мянга, айраг 5000 төгрөгийн үнэтэй байна 

Хүй долоон худаг наадамчин олны хөлд дарагдсанаар аймгийн хэмжээний хүн зон хөлхөлдсөн олны газар болж хувирчээ. Асар, майхнууд алаглах нь Хүй мандлын дэвжээ гоёлоо өмсөө юу гэлтэй.

Морь барианы газрын хоёр талд автомашин зогсох талбай тусгайлан бэлдсэн ч жил ирэх тусам наадамчин олон Хүй долоон худгийг зорин очих нь ихсэж байгаа тул хүрэлцээ тун муу харагдах.

Наадамчин олон Хүй долоон худагт морь үзэхээр ирэхийн зэрэгцээ хуушуур, айраг амталдаг уламжлалтай.

Хаяа хаяагаа дэрлэн наадамчин олондоо үйлчилгээ үзүүлж буй хуушуурын газруудаар зочилбол айраг 1 литр нь 10 мянга төгрөг, аяга нь 5000 төгрөгийн үнээр зарагдаж байв.

Харин хуушуур хаа сайгүй 3000 төгрөгөөр зарагдах ажээ. Хуушуураа дагалдуулж, бор цай үнэгүй. Өнгөрсөн жил наадмын хуушуур 2500 төгрөгийн үнэтэй байсан бол өнөө жил 500 төгрөгөөр өсчээ.

Хорхог аяга нь 10 мянган төгрөгийн үнэтэй бол 40-ын бидон хорхог 150 мянган төгрөгийн үнэтэй.

Н.Номин “Манайх гэр бүлээрээ энд хуушуур хийж зарж байгаа. Би 15 настай. Амралтаараа хичээлийнхээ бэлтгэлийг хангах гээд аав, ээж хоёрыгоо хуушуур хийхэд нь тусалж, ирсэн зочиддоо үйлчлэн, тооцоо хийж байна.

Өглөө 07.00 цагт Хүй долоон худагт ирээд асар майхнаа барьж, хуушуураа хийж эхэлсэн. 09.00 цагаас эхний үйлчлүүлэгч маань ирсэн, түүнээс хойш наадамчид тасрахгүй үйлчлүүлж байна. Орлого ч өсөх шинжтэй” гэв.

Үдээс өмнөдөө 11.00 цаг гэхэд хуушуурын газрууд бүгд л үйлчлүүлэгчтэй болсон харагдав. Наадамчин олон морь ирэхээс урьтаж хуушуур амтлахаар нэг, нэг хуушуурын газар бараадсан бололтой.

Хүй долоон худагт зөвхөн хуушуур айргаар хязгаарлагдахгүй плов, шорлог зарах асрууд ч олон аж. Тохь тух сайн бүрдүүлжээ.

Хоолных нь үнэ ханшийг сонирхвол аяга плов 30-35 мянган төгрөгийн үнэтэй бол шорлог 25 мянгаас  35 мянган төгрөгийн үнэтэй байв.

Хуушуурын асруудаас цааш явбал “Морь унаарай,сайхан морьд байна шүү” гэх дуу хадна. н.Доржнамжил гэж өөрийгөө танилцуулсан морь унуулагч залуу  “Манайх адуутай малчин айл. Энэ жилийн наадмаар гайгүй номхон гэсэн морьдоо шилж 7 морьтой ирсэн. Морьдоо нэг цаг унахад 50 мянга, 30 минут нь 25 мянган төгрөгөөр үнэлж унуулж байна. Хүмүүс морь унаж байхдаа хашхирах, хүчтэй ташуурдах, тод өнгөтэй намирсан хувцас өмссөн зэргээс морьд үргэж гэмтэж бэртэх аюултай тул сайн зөвлөж байж унуулж байгаа” гэв.

Мөн Хүй долоон худагт ирсэн наадамчид тэмээ 200 метр орчим газар унахад 10 мянган төгрөг төлж байв.

Хүүхэд багачуудтайгаа морь, тэмээ унах залуус олон харагдлаа. Мөн бяцхан жаалуудад зориулсан тоглоом ч олон байв. Удирдлагатай машин 5 минут унахад 5000 төгрөг бол жижиг эргэдэг онгоцонд 5 минут суухад 5000 төгрөг. Хүүхдийн тоглоомууд 5000 төгрөгийн үнэтэй байсан нь өнгөрсөн жилийн үнэ ханшаараа байгааг илтгэв.

Улаанбаатар хотоос Хүй долоон худагт ирэхийн тулд автобус нэг цаг хүлээж ядаад арга буюу вокзал хүрч, УБ-Давааны буюу Хүй долоо худаг хүртэл үйлчилж буй галт тэргэнд суусан бол Хүй долоо худгаас автобусанд суухаар хүлээсэн иргэд 1 цаг орчим хүлээж ядаад Хүй долоон худгаас Таван шар хүртэл зорчих хувийн унаанд 10 мянган төгрөг төлөн, зорчиж байв. Жижиг тэргүүд 5 хүн суулган, 50 мянган төгрөгөөр Хүй долоон худгаас Улаанбаатар хотыг зорьж байв.

С.НИНЖЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж