Үндэсний их баяр наадам хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Төв цэнгэлдэхэд бөхийн дөрвийн даваа болж байгаа бол Хүй долоон худагт дааганы уралдаан болж байгаа юм. Энэ жилийн наадам цаг агаарын хувьд таатай төдийгүй баярын хөтөлбөр ч дотоод, гадаадынханд эерэг сэтгэгдэл төрүүлжээ. Энэ жилийн наадмыг үзэхээр зорин ирсэн жуулчдаас сэтгэгдлийг нь сонирхлоо.
Жуулчдын тухайд, Швед, Нидерланд, Сингапур, Голланд, АНУ гэхчлэн орон орноос ганцаараа болон гэр бүлээрээ, групп аяллаар ирсэн байна. Тэдний хувьд дийлэнх нь анх удаа Монголд наадам үзэхээр зорин иржээ.
Жуулчдын хэлж байгаагаар, наадмын нээлт өндөр сэтгэгдэл төрүүлсэн. Үндэсний түүх соёл, уламжлалт дээл хувцас, урлагийн номерууд нь тэр чигтээ Монголыг илтгэсэн нь үнэхээр сайхан санагдсан гэсэн юм.
Гадаадаас зорин ирсэн жуулчдын хувьд наадам үзэхээр ихэд төлөвлөж, Монголд ирээд үзэх газар, хөтөлбөрөө нарийвчлан гаргасан байна. Гэхдээ 5-7 хоногт Монголын бүх үзэсгэлэнт газар, наадмын олон үйл ажиллагааг үзэж сонирхож амжихгүйдээ харамсч байгаагаа ч хэлсэн юм. Жуулчид наадмын нээлт, бөхийн барилдаан, нум сум харваа, шагайг эхний өдрөө сонирхож, өнөөдөр зарим нь Хүй долоон худаг, ихэнх нь хөдөөг зорих төлөвлөгөө гаргажээ.
Тэд хөдөө очоод хамгийн ихээр хийхийг хүсч байгаа зүйл нь хээр талд салхи татуулж морь унах.
Өнгөрсөн жилүүдэд наадмаар ирсэн хүмүүс ч наадмын нээлтийг давтан үзээд очоогүй аймаг, сумд руугаа хөлгийн жолоо залж байгаа аж. Учир нь наадмын нээлтийн хөтөлбөр тэдэнд Монгол Улсаар, монгол хүнээр бахархах сэтгэгдэл ихээр төрүүлдэг гэх хариултыг өгч байлаа. Мөн өнгөрсөн жилүүдэд болон наадмын өмнө хөдөө очсон жуулчид хөдөөний малчин иргэдийн амьдрал гайхалтай төдийгүй хүмүүсийн сэтгэл, цагаан идээ нь маш сайхан гэдгийг онцолсон юм.
Бидний наадмын сэтгэгдлийг нь хуваалцсан бүх жуулчин Монголд ирсэндээ сэтгэгдэл маш өндөр байгаа төдийгүй ирэх жилүүдэд ч наадмыг тэсэн ядан хүлээнэ гэдгээ хэлж байлаа. Мөн олон орноор аялж, урлаг соёлын бишгүй хөтөлбөр үзэж сонирхож байсан ч монгол наадмын нээлт шиг мартагдашгүй хөтөлбөр харж байгаагүй гэдгээ хэлсэн юм.
Холбоотой мэдээ