Төв цэнгэлдэх хүрээлэнд өнөөдөр /2024.07.11/ 11:00 цагаас баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа ёслол төгөлдөр болж, орой "Улаанбаатарын үдэш" шоу тоглолт төв талбайд болохоор товлоод буй. Мөн өнөө орой 22:00 цагаас наадмын ороны нээлтийн үйл ажиллагаа анх удаа болох бөгөөд энэ үеэр оддын шоу тоглолт, ёслолыни буудлага болох юм.
Оройн нээлтийн тасалбарыг иргэд www.ticket.mn сайтаар худалдаж авах боломжтой. Тасалбар 79.000, 89.000, 99.000 төгрөгийн үнэтэй байна. Ингэхдээ тайз, дэлгэц хослуулсан, шинэлэг тоглолтын оройн хувилбарыг анх удаа үзэх боломжийг наадамчин олондоо олгож байгааг зохион байгуулагчид онцолсон.
Онцлох уран бүтээлчдийн тухайд, МУГЖ Х.Лхагвасүрэн, Б.Сарантуяа, Д.Жаргалсайхан, С.Амармандах, Д.Отгонжаргал, Ж.Алтанцэцэг, МУАЖ А.Долгор, СТА С.Сэрчмаа, Г.Эрдэнэчимэг, Б.Халиун, А.Хишигдалай, дуучин Б.Батцэцэглэн, Дэлхий хамтлаг оролцох аж.
Мөн баяр наадмыг угтан доорх бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг баяр наадмыг зохион байгуулах үндэсний хороо, НЗДТГ, Захирагчийн ажлын албанаас хийж гүйцэтгэсэн гэсэн юм. Үүнд:
- Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хоёр талаар орж ирдэг авто замыг хааж, орц, гарцыг нэгдсэн зохион байгуулалтад оруулан, автомашингүй бүс болгох,
- 7000 ам метр талбайг авто зогсоол хэлбэрээр тохижуулан, асфальт бетоноор хучиж, тэмдэг тэмдэглэгээг хийх,
- Баяр наадмын үеэр хүнс үйлдвэрлэл чиглэлээр асар худалдаа байршуулах 40 зогсоол байгуулах,
- 16 цамхагт шинэ лед гэрлийг суурилуулах,
- FIFA-ийн шаардлага хангасан зүлэг тавьж, гүйлтийн замыг шинэчилсэн.
- Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1200 метр ус зайлуулах шугам угсарч,
- Шинээр есөн ариун цэврийн байгууламжийг ашиглалтад оруулсан бөгөөд нэг зэрэг 70 хүн үйлчлүүлэх боломжтой болгож,
- Мөн хүрээлэнгийн урд хэсэгт зураг даруулах хэсэг гаргаж өгөхийн зэрэгцээ хойд талд нь хүүхдийн бүсийг тохижуулж,
- Баяр наадмын тасалбар авч чадаагүй иргэдэд зориулан олон улсын жишгийн дагуу хүрээлэнгийн зүүн хойд талбайд том дэлгэц байршуулан, наадмын шууд дамжуулалтыг хүргэж байгаа аж.
Холбоотой мэдээ