Гадаад төдийгүй дотоодын иргэдийн сэтгэл догдлон хүлээдэг наадмын нээлт өнөөдөр /2024.07.11/ төв цэнгэлдэх хүрээлэнд болж, бөхийн барилдаанаар үргэлжилж байна. Энэ жил урьд онуудыхтай харьцуулахад монголчууд наадаж сурчээ гэх хэмжээнд болж байгаагаар онцлог байгааг иргэд хэлж байлаа. Тухайлбал, цэнгэлдэх тойрсон олон төрлийн худалдаа энэ жил цэгцэрч, тоотой хэдэн асрууд жигдрэн, хүмүүс ч хог хаягдал, бохир зүйлгүй эмх цэгцтэй, соёлтой наадаж байна.
ХУУШУУР 3000 ТӨГРӨГ, АЙРАГ 10-12 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ЗАРЖ БАЙНА
Наадамчин олны гол хүнс бол хуушуур, айраг. Хуушуур авахаар оочерлох нь хэн бүхэнд төвөгтэй санагддаггүй бөгөөд хэр удаан хүлээнэ тэр хэрээр амт нь бүр ч сайхан байдгийг хүмүүс хэлж байв. Хуушуурын асар, айргийн өргөөг эгнүүлэн тусгайлан засч, худалдааны хэсгийг нэг эгнээнд оруулан цэгцтэй зохион байгуулсан нь мөн л онцлог болж. Наадмын өнгө, чанар, цаг агаар сайхан байгаад наадамчин олны сэтгэгдэл тэнүүн байна.
Наадамчин олны амтлахыг хүсдэг зүйл бол хамгийн амттай баярын хуушуур. Тиймдээ ч худалдаа эрхэлж буй ихэнх асар өөрсдийн нэрийн хуушуураа бэлтгэн зарна. Өрсөлдөх, шилж сонгох гол зүйл нь амт бөгөөд үнэ ханшийн хувьд ижил. Гэхдээ өнгөрсөн жилүүдийнхээс хуушуурын асарт оочерлох хүн бага байлаа.
Иргэдийн хувьд асруудаас суух талбай, уух зүйлсээс нь шалтгаалж хүмүүс сонголтоо хийж байгаа харагдав. Түүнээс мах, орц, порцын хувьд адил. Энэ жилийн наадмын хуушуур 3000 төгрөгөөр зарагдаж байгаа бол бяслагтай, халиартай зэргээс шалтгаалж 3500-4000 төгрөгийн хооронд үнэтэй байна. Харин айраг литр нь 10-12 мянган төгрөгийн үнэтэй байна.
Хүнсний асруудын тухайд мэргэжлийн хяналтын баг, эмнэлгийн яаралтай тусламж, цагдаа, онцгойгийн алба хаагчид цэнгэлдэх тойрон ажиллаж байлаа. Баяр наадмын зохион байгуулах комисс “Одоогоор ямар нэгэн зөрчил гараагүй. Худалдаа эрхлэх талбай эзэмшлийн тухайд байршлын маргаан өглөө гарч, тухай бүрд нь зохицуулсан. Баяр наадам хөтөлбөрийн дагуу хэвийн үргэлжилж байна” гэсэн тайлбар өгөв. Мөн энэ жил хар зах шиг эмх цэгцгүй худалдаа, үйлчилгээ явуулахгүйг сануулж, зөвхөн заасан бүсэд зөвшөөрсөн талбайд л худалдаа эрхэлж байгаа аж. Тиймээс наадамчин олон энэ удаагийн улсын баярын цэнгэлдэхийн хэсэг цэгцтэй байгааг хэлсэн юм.
7-70 НАСНЫ УРАН БҮТЭЭЛЧИД ҮЗЭГЧДИЙГ ОГШУУЛАВ
Баяр наадмын гол үйл ажиллагаа бол нээлтийн арга хэмжээ. Нээлт хэр сүртэй, сайхан болно тэр жилийн наадмын өнгийг хүмүүс түүгээр л дүгнэдэг гэхэд хилсдэхгүй. Энэ жилийн тухайд нээлт, хаалтад 1300 гаруй хүн оролцож байгаа аж. Мөн энэ жилийн наадмын нээлтэд орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглахаас гадна 21 аймгаас соёлын өв тээгчид хүрэлцэн ирж оролцож байгаагаар онцлог.
Тодруулбал, Халимаг, Тува, Өвөрмонголоос зорин ирсэн 7-70 насны уран бүтээлчид Монголын үндэсний баяр наадмын хүндэтгэлийн үйл ажиллагаанд оролцож байна.
ХАМГИЙН ИХ ЖУУЛЧИНТАЙ МОНГОЛ НААДАМ
Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа өргөн дэлгэр болж, наадамчин олон төв цэнгэлдэхээс Хүй долоон худаг, төв талбай, аймаг, орон нутгийн зүг жолоо залцгаалаа. Уламжлал ёсоор цэнгэлдэх орж, дотроос нь биш ч гаднаас нь дэлгэцээр баярын нээлтээ үздэг хүн цөөнгүй. Тиймдээ ч наадамчдын дунд хуушуур, айргийн эрэлт их байв. Нээлтийн дараа хэмжээний бороо орсон ч цэнгэлдэхийн наадамчдын тоо тасралтгүй нэмэгдэж байлаа.
Бөхөд дуртай нь бөхөө шимтэн үзэж буй болон сурын мэргэн харваачдыг тольдож, шагайн харваа үзэж сонирхох хүмүүс дунд зөрөх зай олдохгүй байв. Тэр дундаа сурын харваа явагдаж буй асар харваачид болон гадаадын жуулчдаар дүүрчээ.
Энэ жилийн наадам үндэсний дээл хувцсаараа гоёсон залуус ихтэй байгаагаас гадна жуулчид дээл, хантааз, малгай гэхчлэн Монголыг илтгэсэн үндэсний хувцас ихээр өмссөн байна.
ХААЛТ, БӨХИЙН БАРИЛДААНЫ ТАСАЛБАР ХАЙСАН ХҮМҮҮСТЭЙ НААДАМ
Ийм сайхан ард түмний өв соёлыг энэ сайхан ард түмнийхээ эв нэгдлийн баталгаа болсон, үндэсний бахархал болсон, дархлаа болсон наадмыг нээх хувь тохиол олгосон төр түмэн, түмэн арддаа маш их баярлалаа.
Холбоотой мэдээ