Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бутаны хаант улсын Цог жавхлант хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук 2024 оны долдугаар сарын 8-15-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийх юм. Тэрбээр өнөөдөр /2024.07.11/ Хүй долоон худагт азарганы уралдаан үзсэний дараагаар Төв цэнгэлдэх хүрээлэнд наадмын нээлтийн арга хэмжээг үзэж, сонирхсон байна.
Мөн тэрбээр гэр бүлийн хамтаар Үндэсний их баяр наадмын нээлт болон бусад ёслолын ажиллагаанд хүндэт зочноор оролцоно гэдгийг албаныхан мэдээлсэн.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бутаны Хаант Улсын Цог жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук нар албан ёсны уулзалт хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Мөн талууд хоёр талын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурсан.
Энэхүү айлчлал нь манай хоёр улс 2012 оны нэгдүгээр сард дипломат харилцаа тогтоосноос хойш Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааны Монгол Улсад хэрэгжүүлж буй анхны төрийн айлчлал юм. Монгол Улс Бутаны Хаант улстай 2012 оны нэгдүгээр сарын 18-нд найрамдалт хамтын ажиллагааны гэрээ байгуулж, 2023 онд Монгол Улсаас Бутаны Хаант Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Ганболд томилогдож байв.
Холбоотой мэдээ