Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 34 жилийн ойн үндэсний их баяр наадам тохиож байна. Хүчит бөхчүүдийн ч бэлтгэл ханаж, бяр тэнхээ нь торгон ир дээрээ ирсэн биз ээ. Бөхдөө хайртай түмэн олон ч дор бүрнээ таамаг дэвшүүлж, цэц булаалдаж байна. Үүнтэй холбогдуулан энэ жилийн наадмын түрүү бөхийн тааврыг та бүхэндээ хүргэе.
- ДАРХАН АВАРГА Н.БАТСУУРЬ
Увс нуур дэвжээнийхэн энэ жил дахин дархан, даян аваргатай болохоор зорьж буй. Ялангуяа даян аварга Н.Батсуурь өнгөрсөн жил тунчиг дөхсөн дээд цолныхоо төлөө дахин нэг удаа дайрна. Бяр тэнхээ гэхээсээ илүүтэйгээр “толгой”-оороо барилддаг, ам авах, өрсөлдөгчөө судлах зэрэг дээр сайтар төлөвлөгөөтөй гэгддэг түүнд бүхий л давуу тал нь бий. Цолныхоо эрэмбээр ч төвөггүй шөвгөрчих биз. Харин дунд, их шөвөгт хэрхэх вэ? Ямартай ч түүнийг дунд шөвөгт төвөггүй хүрнэ гэж үзэж байна. Тавын даваанаас эхлэн Н.Батсуурь аварга түрүүлж ам авч, наадмын хувь заяаг шийдэж эхэлнэ.
Зарим бөх сонирхогчид түүнийг энэ жил дархан аварга цолны төлөө бус заан төрүүлнэ гэж ярих аж.
Түүний араас П.Бүрэнтөгс аварга босно. Нэг мэдрээд дайрчихвал ч түүнийг зогсоох бөх төв цэнгэлдэхэд олдохгүй л байх. Гэхдээ идэр аварга доор даваанд тахим буулгачихдаг сул талтай.
- УЛСЫН АВАРГА О.ХАНГАЙ
Их шөвөгт түүртэхгүй хүрэх хүний нэг нь яахын аргагүй отгон аварга О.Хангай. Харин даян аварга цолны төлөө дайрах болов уу? Аварга болсноосоо хойш О.Хангай тунчиг нягт, хийгүй барилдаж байгаа. Заал, танхимын барилдаанд зориод барилдвал түрүүлдэг тэрбээр энэ жил түрүүлэх магадлал өндөртэй. Гэхдээ түүнээс илүү түрүүлэхийг шунаж буй хоёр хүн байна.
- УЛСЫН АРСЛАН Ц.БЯМБА-ОТГОН
Шинэхэн арслан өнгөрсөн жил "Их Монголын Хүчтэн" дэвжээний цаг ирж байна гэж хэлээд амжсан. Тэгвэл хэлсэн амандаа хүрч, түрүүлж чадах болох уу? Доор даваанд унаад байдаг гэмтэйг нь эс тооцвол шөвгөрчихвөл түрүүлнэ л гэж үзэх хүчтэн билээ.
- УЛСЫН АРСЛАН Б.ОРХОНБАЯР
Залуу арслангийн мөрний бэртэл илааршиж, бэлтгэл сургуулилалт жигдэрсэн байна гэж бөх сонирхогчид ярьж байна. Ганц гэм нь ихээхэн зузаарч, жин нэмснээс болж хөдөлгөөн удааширч, хурд, тэсрэлт, сунгалт тааруу болсон гэх. Тээр жил улсын заан Б.Пүрэвсайхан багагүй жин нэмж, удааширч, тааруу барилдсан түүхтэй. Харин өнөө жил Б.Орхонбаяр хэрхэхийг харах л үлдлээ. Гэрэлд бага цохиулж, өргөөний барилдаанд тоотой гарсан түүнийг юу бэлдсэнийг өрсөлдөгчид нь таашгүй. Ямартай ч асуудалгүй шөвгөрчих биз.
- УЛСЫН ЗААН Б.БАТ-ӨЛЗИЙ
Ховд нутгийнхан энэ жил даян аваргатай болохоос илүүтэйгээр арслантай болох боломж илүү харагдаж байгаа нь нууц биш. Өнгөрсөн жил заан цолтой зодоглосон анхны наадамдаа буруу ам авч, баларсан Б.Бат-Өлзий энэ жил улсын арслан цолыг гуйж биш гуядаж авахаар дайралтаа хийнэ. Угтаа нутгийнхан, фэнүүд нь Хүй долоо худагт болсон наадамд түрүүлээд арслан цолны болзол хангасан гэж ярьдаг. Харамсалтай нь төр төмбөгөр, ёс ёмбогор хойно яалтай билээ.
Гэхдээ Б.Бат-Өлзий заан заал танхимын барилдаанд үеийн үед аархаж ирсэн хүчтэн. Барилдаан, бэлтгэлжилт нь ханачихсан сайн байгаа цөөн бөхчүүдийн нэг нь тэр. Түрүү, үзүүрт үлдэнэ гэж харж байна.
- УЛСЫН ЗААН С.СҮХБАТ
Хашаат нутгаас дахин аварга, арслан цолтон төрөх нь цаг хугацааны л асуудал байх. Гагцхүү энэ жил мөн үү? Дэндүү бага залуу насандаа улсын заан гэх том цолонд хүрсэн С.Сүхбат саяхан чансаа өндөр галынхаа сорилго барилдаанд түрүүлсэн. Нас залуу, туршлага л дутах вий гэхээс бяр тэнхээ, мэх техник нь С.Сүхбатыг түрүү бөхийн өрсөлдөөнд оруулна.
- УЛСЫН ХАРЦАГА Н.ЗОЛБОО
Усны элч Н.Золбоо харцага цолоо баталснаасаа хойш нэг л өөр болчихсон. Өөр гэдэг нь илүү сайн барилдаж, нутгийнхаа зон олныг олон баярлуулж байгаа. Нэгэнт цолоо баталчихсан хүн чинь одоо заан, гарьд, арслан цол руу дайрах нь мэдээж. Өнгөрсөн намраас хойш өргөөнд хамгийн сайн амжилт үзүүлж барилдсан хүмүүсийн нэг бол Н.Золбоо. Тэр эрчээрээ наадамд зодогловол цолоо ахиулах боломжтой. Харин арслан цолыг барах болов уу?
- УЛСЫН ХАРЦАГА Б.ЗОРИГТБААТАР
Өнгөрсөн жил аймгийнхаа түүхт 100 жилийн ойн баяр наадамд түрүүлэхдээ "Ирэх жил Батцэнгэл сумынхаа 100 жилийн ойгоор арслан цолтой ирнэ" гээд ам гарчихсан хүн хэлсэн амандаа хүрэхийн төлөө зодоглоно. Алтан цомоор Ховдын хүчтэнүүдийг тав дараалан өвдөг шороодуулсан харцагыг зарим хүн буруу юм хийлээ гэх юм. Тэр барилдаанаа нөөж байгаад улсын наадмаар гаргасан бол баараггүй үзүүр, түрүүнд үлдэх байсан аж. Одоо О.Хангай аварга, Б.Бат-Өлзий заан өнөөх барилдааных нь эсрэг юм бэлдчихсэн байгаа гэв. Гэсэн хэдий ч Б.Зоригтбаатар харцагыг энэ жил түрүүлнэ гэж таамаглаж байна. Түрүү, үзүүрт түүнийг Б.Бат-Өлзий заантай үлдэнэ гэж харан сууна.
Нутаг бүхэнд итгэл хүлээлгэсэн хүчтэн бий. Эхнээс нь дурдахад Дорнодын Д.Анар заан, Баян-Өлгийн Б.Серик заан, Завханы М.Лхагвагэрэл заан, Ховдын Б.Пүрэвсайхан заан, Г.Ганхуяг харцага, Хэнтийн Г.Бадрах харцага, Архангайн О.Мөнх-Эрдэнэ харцага, Төвийн Д.Хүдэрбулга начин, Баянхонгорын Э.Батмагнай начин. Мөн Булганы ид яваа начин цолтнууд таавар эвдэхийг үгүйсгэхгүй. Хэрэв олимпгүй жил байсан бол М.Лхагвагэрэл заан түрүүлэх бөхчүүдийн дунд дээгүүр яригдах байв. Түүний энэ жилийн зорилго наадам бус олимп.
Наадмын ногоон дэвжээ хатуу, зорьсон бүхэн нь хүссэндээ хүрч чаддаггүй тийм л ховор заяа. Од нь гүйчихсэн, онгод нь орчихсон ямар ч цолтой, хэний ч аавын хүү тэр өдөр түрүүлнэ дээ.
3,602.33


















































Холбоотой мэдээ