Үндэсний их баяр наадмын өдрүүдэд хоолны хордлого, наршилт, мориноос унаж бэртэх гэх мэт дуудлагаар эмнэгийн байгууллагын ачаалал эрс нэмэгддэг билээ. Үүнтэй холбоотойгоор бид Улсын нэгдүгээр төв эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн эмч М.Ундраагаас тодрууллаа.
-Өнөөдрийн байдлаар хэдэн дуудлага ямар шалтгааны улмаас ирсэн бэ?
-Улсын нэгдүгээр төв эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасагт өнөөдрийн /2024.07.10/ 10:00 цагийн байдлаар нийт 50 хүн ирсэн. Үүний талаас илүү хувь нь нүдэнд гаднын биет болон нүдний гэмтэл, хоолой өвдөлт, эрүүний буглаа, эрүү шүдний асуудлаар тусламж авахаар ирсэн байна. Мөн хоёр хүн зүрхний шигдээсний улмаас ирж хэвтэн эмчлүүлж байгаа бол үлдсэн 25 хувь нь хэвлийн өвдөлтийн улмаас ирсэн. Баяр наадмын өдрүүдэд орон нутгаас оношоо тодруулах гэж ирсэн хүмүүс их байна. Гэтэл уг өдрүүдэд нь амбулатор ажиллахгүй, яаралтайгаар шийдэж болох болохгүй асуудал байгаа.
-Ойрын хугацаанд ямар төрлийн өвчлөл, өвдөлт, зовууриар иргэд их ирж байна вэ?
-Сүүлийн өдрүүдэд хэт халж байгаа учраас настай хүмүүс даралт ихсэх, тархинд цус харвах мөн хэвлийгээр өвдөх гэдэсний өвчлөл их байна. Өмнө нь гол ус руу орох, аялах, хорхог ,боодог хийж идэхтэй холбоотой 24 цагийн хугацаанд 70-80 хүн ирдэг байсан. Одоо бол эдгээр шалтгааны улмаас бие нь муудсан гэх 100 гаруй хүн нэг өдрийн дотор ирж байна. Уул нь Наадмын дараа бие нь өвдсөн гэх хүмүүс их ирдэг байсан ч энэ жил өмнөх жилүүдээс харьцангуй өөр байна.
-Хэвлийгээр өвдөх гэдэсний өвчлөлд нөлөөлөх гол шалтгаан юу вэ? –
-Хэвлийгээр өвдөх гэдэсний өвчлөлд хоолны хордлого их байна. Иргэд гадуур хооллох,хугацаа нь дууссан бэлэн бүтээгдэхүүн хэрэглэх, буруу хооллолт, амьдралын хэв маягаас болж өвдөж байна. Иргэд аль болох тостой, хэт хуурсан зүйл идэхгүй, хооллолтоо зөв зохицуулах шаардлагатай байна.
С.Нинжжаргал
Холбоотой мэдээ