Туушин компани нь 1990 оны зургадугаар сард үүсгэн байгуулагджээ. Тус компани нь өнөөг хүртэл дэлхийн бүх улс,орныг хамарсан тээврийн өргөн сүлжээтэй олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг аж. Тодруулбал, авто, агаар, далай болон төмөр зам, холимог тээврээр бүх төрлийн ачаа тээврийг зуучлан тээвэрлэж, агуулах, баглаа боодол, буухиа шуудан, түгээлтийн үйлчилгээ, гаалийн зуучийн үйлчилгээ гэх мэт тээвэр логистикийн үйлчилгээг үзүүлдэг. Олон жилийн турш үйл ажиллагаа явуулснаар Монгол Улсад төдийгүй олон улсын хэмжээнд нэр хүндтэй байгууллага болсон юм.
Үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол Улсын анхны олон улсын ачаа, тээврийн мэргэшсэн компани болж, салбартаа манлайлагч байж Монгол Улсын эдийн засгийн хөгжил дэвшилд зогсолтгүйгээр хувь нэмрээ оруулан ажилласаар ирсэн. Мөн Монгол Улсын валютын нөөцийг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэхэд онцгой анхаарч, улсад 200 гаруй сая ам.долларын орлого оруулсан.
Монгол Улсынхаа хөгжил, дэвшил, эдийн засгийн хурдацтай өсөлтийг дэмжихэд чиглэсэн гадаад, дотоодын байгууллагуудын хандив тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжсэн бүх төслийн тээврийн 90 гаруй хувийг "Туушин ХХК" дангаараа амжилттай зохион байгуулж, гүйцэтгэж ирсэн. Тухайлбал: Эрчим хүчний салбар, Хүнс хөдөө аж ахуйн салбар, Эрүүл мэндийн салбар, Барилга Дэд бүтцийн салбар, Уул уурхайн салбар зэрэг салбаруудад хэрэгжсэн төслийн тээврийг амжилттай зохион байгуулсан юм.
"Туушин ХХК" нь 34 жилийн турш улс эх орныхоо эдийн засгийн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Монгол Улсын Төрийн Дээд Шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” -гоор шагнагдлаа.