Евро 2024: 16 настай Ямаль хүү Мбаппег, Францыг гэрт нь хариуллаа

Хуучирсан мэдээ: 2024.07.10-нд нийтлэгдсэн

ЕВРО-2024

Евро 2024: 16 настай Ямаль хүү Мбаппег, Францыг гэрт нь хариуллаа

Евро 2024: 16 настай Ямаль хүү Мбаппег, Францыг гэрт нь хариуллаа

Евро 2024 тэмцээний хагас шигшээ шатны тоглолтууд өнөөдөр/2024.07.10/ эхэллээ.


ИСПАНИ 2 – 1 ФРАНЦ

Европ тивийн хөлбөмбөгийн хоёр гигантын тулаан тун сонирхолтой болж, өнгөрлөө. Тоглолтын өмнө Францын шигшээ багийн хагас хамгаалагч Адрьен Рабиот Испанийн залуу авьяастан Ламин Ямалийг өдсөн үгс хэлж, өөрийгөө батлах хэрэгтэй гэх утгатай зүйл ярьсан. Тэгвэл 16 настай ахлах сургуулийн хүү өөрийгөө дэлхий нийтэд дахин нэг удаа гайхууллаа.

Тоглолтын эхний гоолыг Франц оруулсан. Өнөөх Мбаппе гоцлон тоглож, гангарсаар Коло Муанид гоолын дамжуулалт гаргаж өгсөн. Өмнөх тоглолтуудад олон ч боломж алдаж, зэмлэл хүртээд байсан Муани ч чихэр шиг дамжуулалтыг алдаа мадаггүй мөргөж, тооны харьцааг нээв.

Гэхдээ Испани хариуг нь барих гэж удсангүй. 21 дэх минутад Ламин Ямаль бөмбөгтэй бүжиж, гайхалтай алсын цохилтоор Майнаны хаалгыг мялааж, Рабиотод шанг нь хүртээв. Үүнээс төд удалгүй Германы эсрэг бэртэл авсан Педриг орлож талбайд гарсан Дани Олмо гоолдож, Испани тэргүүллийг гартаа авчээ. Энэ гоол 25 дахь минутад орсон.

Хожигдож эхэлсэн Францын довтолгоо хоёрдугаар үед эрчимжиж эхлэв. Дидье Дешам ч Антуан Гризманн, Оливье Жиру гээд хуучин бууны хугархайнуудаа гаргаж, гоол эрэлхийлж байсан. Харамсалтай нь Испанийн хаалгач Унай Симоныг барсангүй. Францын довтолгоо олон ч гоолын боломжуудыг үүсгэж байсан ч төгсгөж чадахгүй явсаар тоглолт өндөрлөж, Испани финалд шалгарлаа. Тэд хамгийн сүүлд 2012 онд финалд үлдэж, түрүүлж байсан билээ.

Мбаппе 2018 оны дэлхийн аваргаар тодорч, өсвөр насандаа Мессиг гомдоож байсан шиг Ямаль өсвөр насандаа Мбаппег нутаг буцаалаа.

Тоглолтын дараа шилдгээр шалгарсан Ламин Ямаль "Финалд шалгарсандаа үнэхээр баярлаж байна. Гэхдээ бид түрүүлэх гэсэн хамгийн чухал зүйлээ дуусгаагүй байна. Тоглолтын үеэр хэцүү үеүд тулгарсан. Бидний хэн нь ч тоглолт эхлээд гоол алдана гэж төсөөлөөгүй. Миний гоолын хувьд бид хаалганы дээд буланг онилж цохьсон. Баяр хөөр дээд цэгтээ хүрсэн" гэлээ.

Францын хамгаалагч Уиллиам Салиба "Үүнээс илүү ихийг хийж болох байсан ч чадаагүйдээ гутарч байна. Бид эхлээд гоол оруулсан ч үүнийхээ дараа хоёр гоол бэлэглэчихлээ. Үнэндээ тэд биднээс илүү байлаа. Үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хэцүү байгаа ч нөхцөл байдал ийм л байна. Бид эргэн ирэх гэж бүхнээ дайчилсан. Гэхдээ болсонгүй" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж