Бүтэн өдөржин, шөнөжин хуралдсаны эцэст Л.Оюун-Эрдэнийн шинэ танхимд ажиллах сайдууд томилгоогоо өвөртөлснөөр хагас жил гаруй “донсолгоотой” байсан улс төр завсарлага авч, УИХ-ын гишүүд найр, наадмын амралтаа авцгаалаа. Намар хүртэл Монголын улс төр унтана.
Парламентын ес дэх удаагийн сонгуульд 68 суудал авч, олонх болсон хэдий ч МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 42 суудалтай АН болон найман суудлаар амжилтай ахиулсан ХҮН намыг засагтаа урьснаар сөрөг хүчний үүрэг Үндэсний эвсэл болон ИЗНН-д ногдож байна.
Сонгуулийн санал хураалтын дүнгээс шок авсан Л.Оюун-Эрдэнийн энэхүү шийдвэр нэг талаас эрх мэдлээ хадгалж үлдэх гэсэн арга тактик, нөгөө талаар өнгөрсөн парламентад өөрийнх нь бодлого, шийдвэрийг дэмжсэний хариу талархал биз. ҮХНӨ болон Үндэсний баялгийн сан байгуулахад АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд нар Л.Оюун-Эрдэнэд улс төрийн дэмжлэг үзүүлсэн, үүнд нь тэрбээр үргэлж талархлаа илэрхийлж ирсэн. Магадгүй тэд МАН-ын даргын арын өрөөнд хамтарсан засаг байгуулах албан бус тохироогоо аль эрт хийсэн ч биз.
Харин хоёр өдрийн өмнө аман тохироогоо албажуулж, Засгийн газарт хамтран ажиллах санамж бичигт гурван намын дарга нар албан ёсоор гарын үсэг зурсан билээ.
Хамтарсан Засгийн газар 16 яам, 23 сайдтай ажиллана. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайдад танхимын сайдаа томилох, чөлөөлөх бүрэн эрхийг нь олгосон ч, үнэндээ Л.Оюун-Эрдэнэ эцэг хуульд заасан эрхээ эдлэж, властиа бүрэн авч чадаагүйг түүний засагт орсон сайд нарын томилгоо батална.
Товчхондоо, шинэ засагт МАН, АН-ын фракциудын эрх ашгийг хангаж гэмээнэ Л.Оюун-Эрдэнэ, Л.Гантөмөр, Т.Доржханд нар хамтрах нөхцөл бүрдэнэ.
УИХ-д олонх болсон ч засгийн эрхээ бусадтай хуваалцах шийдвэр гаргаснаараа Л.Оюун-Эрдэнэ намынхны дургүйцлийг төрүүлж, бялуу хуваарилалтаас хоосон хоцорсон олон хүн түүний эсрэг халаасандаа “салаавчтай” яваа нь ойлгомжтой. Цаг нь болоод тохироо нь бүрдвэл тахиа гурвантаа донгодохоос өмнө Л.Оюун-Эрдэнээс урвах хүмүүс цагаан байран дотор чимээгүйхэн сууж байгаа нь гашуун үнэн.
Нийт санал өгсөн хүмүүсийн 30 хувийг авч, УИХ-д 42 суудалтай хүчтэй сөрөг хүчин болсон ч засагт хамтрах саналыг зөвшөөрснөөрөө АН-ын дарга Л.Гантөмөр намын “найзууд”-даа багагүй баалуулав. Угаасаа ч АН-ынхан улс төрийн институцийн соёлд суралцаагүй. Хоёрт, Монголын улс төрд үүрдийн найз, үүрдийн дайсан гэж хэзээ байлаа..!
Засагт хамтрах зорилгоо товч тодорхойлохдоо АН-ын дарга Л.Гантөмөр алдагдсан найман жилийг алдааг засч, амалсныхаа дагуу намынхаа бодлого, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ёстой гэж тайлбарласан. Үнэн, үгүйг нь тэгээд цаг хугацаа нотлох байлгүй.
ХҮН намын дарга Т.Доржханд нийгмийн шүүмжлэлтэй тулснаас өөрөөр намын гишүүдийнх нь зүгээс түүнд ямар нэгэн эерэг, сөрөг реакци үзүүлээгүй. АН-ын дарга Л.Гантөмөрийн адил сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ гэж мэдэгдсэн. Магад өөрөө ч энэ үгэндээ итгэсэн эсэх нь эргэлзээтэй.
МАН-ын бүлэг Ерөнхий сайдаас гадна 12 сайдтай болсон. АН-д найман сайд, ХҮН намд хоёр сайдын суудал оногдсон.
Монгол Улсын Шадар сайдын суудлыг гурав болгон нэмж, нэгийг нь С.Амарсайханд өгсөн нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн квот байж таарна.
Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ хугацааны яг тал дунд орж байгаа У.Хүрэлсүхийг МАН явуулсан ч, У.Хүрэлсүх МАН-аас яваагүй нь сүүлийн үеийн улс төрийн томилгооноос харагдаж байна. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын суудлыг Тамгын газрын дарга асан Я.Содбаатартаа авч өгсөн бол засгийн сайдуудын дийлэнх нь түүнд "харъяалагдана". Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Сангийн сайд Б.Жавхлан, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар Ерөнхийлөгчийн "шошго"-той. Харин Аялал жуулчлал, соёл, спорт залуучуудын сайд Ч.Номин, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хоёр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүмүүс. МАН-ын хамгийн том хандивлагч “MCS”-ээс Л.Энх-Амгалан засагт багтаж, Гэр бүл, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсон.
Тавин мянган гишүүнтэй МАХН-аа МАН-д "зарсан"Н.Энхбаяр хүүдээ төрийн сайдын суудал горилж байсан ч "их санасан газар хоосон хононо" гэгч болсон. Түүнд оногдсон "бялуу" нь Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргын суудал агаад Б.Тулга өмнөх ажлаа үргэлжлүүлэхээр болсон.
АН-ын дарга Л.Гантөмөр Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар томилогдсоноор “Нэг Ардчилал” засагт нэг суудалтай болж байна.
АН дахь МАН-ын БЭТ гэж амтай болгонд шүүмжлүүлж яваа Э.Одбаярт Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын сайд, Хяналт үнэлгээний үндэсний хорооны даргын суудлыг бэлэглэсэн. Тэрбээр МАН-аас өгсөн даалгаврыг онцсайн биелүүлснийхээ шагналд жагсаалтаар УИХ-ын гишүүн болж, ногоон гэрлээр сайдын сэнтий түшлээ. Тэрбээр “Нэг Монгол” фракцид харъяалагддаг. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар томилогдсон Ц.Туваан мөн “Нэг Монгол”-ынх бол Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа бас “Нэг Монгол”.
АН-ын “Гранд Монгол”-оос Р.Эрдэнэбүрэн Монгол Улсын сайд, 20 минутын хот төслийн Үндэсний хорооны даргаар, Ж.Батсуурь Хот байгуулалт орон сууцжуулалтын сайдаар томилогдсон. Хууль зүй, дотоод хэргийн сайдаар О.Алтангэрэл, Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайдаар Ц.Баатархүү нар “Морьтон” клубынх. Гэхдээ О.Алтангэрэлийг Женко.Баттулга Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилуулсан нь тодорхой. Нэг ёсондоо Монголын хуулийн салбарыг Х.Баттулга хөшигний араас удирдахаар болж байна. Түүнчлэн Ц.Туваан ч Женко.Баттулгын “шошго”-той нэгэн. Тэгэхээр эрдэс баялгийн салбар мөн экс Ерөнхийлөгчийн мэдэлд ирсэн гэсэн үг.
ХҮН намын хувьд УИХ-д бүлэггүй ч, засагт хоёр суудал авна гэдэг том “амжилт”. Шадар сайд Т.Доржханд төрийн удалдан авах, хөрөнгө оруулалтыг хариуцаж байгаа бол боловсролын салбарыг П.Наранбаяр удирдахаар боллоо.
Эндээс дүгнэхэд Л.Оюун-Эрдэнийн шинэ танхим МАН, АН дахь фракц бүлэглэлүүдийн ашиг сонирхлын нийлбэр болов!
Ж.ЭРХЭС
3,569.17















































