УИХ дээр Хамтарсан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудал ид яригдаж байна. Шинэ засагт эрүүл мэндийн салбарыг хариуцах сайдад хандаж, "Хаппи веритас" эмнэлгийн зөвлөх эмч, анагаах ухааны доктор Ж.Амарсанаа нүүр номоороо дамжин, зөвлөгөө хүргүүлжээ.
Уг зөвлөгөөнд:
1. Салбарын бүтцийг анхаарах: Хүн төвтэй бүтэц хэрэгтэй бна. Одоогийн бүтэц хуучирсан. Нэг цэгийн үйлчилгээг эмнэлэг бүрт бий болгоорой!
2. Шатлал хоорондын уялдаа холбоог сайжруулах: Өрхийн эмнэлэг, дүүргийн эмнэлэг, төв эмнэлгийн хооронд уялдаа холбоо алга. Иргэд хэт их чирэгдэж байна. Үүнийг цахимын аргаар шийдэх бүрэн боломжтой.
3. Эрт илрүүлгийн үзлэгийг 3-р шатлалын эмнэлгүүдэд хийж байгааг зогсоож, дунд, анхан шат болон хувийн хэвшлийн эмнэлгүүдэд шилжүүлснээр 3-р шатлалын ачааллыг бууруулж, дунд болон анхан шатны эмнэлгүүдэд ачааллыг жигд хуваарилах боломж бүрдэнэ.
4. Түргэн тусламжийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх: 5 минутанд түргэн ирдэг байх ёстой. Эмнэлгийн түргэн тусламжийн нисдэг тэргийг Онцгой байдлын нисдэг тэрэгнээс салгаж, тусдаа нисдэг тэрэгтэй болох хэрэгтэй. Мөн түргэний олон жижиг салбар цэгүүдийг түрээсийн аргаар бага мөнгөөр шийдэх боломжой. Өдгөө улсын хэмжээнд 3000 гаруй хүн түргэн ирэхээс өмнө нас барж байна.
5. Шинээр гарч ирж байгаа эмчилгээ оношилгооны технологийг нэвтрүүлэх: Анагаах ухааны технологи маш хурдтай хөгжиж байна. Монголд бүртгэгдээгүй байгаа шинэ эм, технологийг цаг алдалгүй бүртгэж, эмчилгээ, оношилгоонд ашиглах хэрэгтэй. Хайж олоорой, нэвтрүүлээрэй, хөөцөлдөөрэй. Таны ажлын чухал нэг хэсэг шүү. Хэрэгтэй бол нэмэлт зөвөлгөө өгч болно.
6. Үйлчилгээний цогц байдлыг дадал болгох: Эмчлээд хаядаг, эсвэл оношлоод хаядаг, урьдчилан сэргийлэлгүй зөвхөн эмчилдэг гэх мэт гажуудлуудыг засах шаардлагатай байна. Урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх, нөхөн сэргээлт, хяналт бол нэг цогц үйлчилгээ юм.
7. Өвчний гаралтай аварч болох нас баралтыг бууруулах: Энэ бол үйлчилгээний чанар үр ашгийг харуулдаг гол үзүүлэлт. Бид дэлхийд доогуур жагсаж байгаа шүү. Сүүлийн судалгаагаар жилд дунджаар 6000 гаруй аварч болох амийг алдаж байна. Үүний шалтгаан руу чиглэсэн ажлыг салбар дотроо яаралтай зохион байгуулаарай. Шалтгаан нь салбар дотор бий.
8. Бүгдийг биш чухлыг хийх: Нэг сайдын бүрэн эрхийн хугацаанд олон зүйлд үр дүн гаргах боломжгүй. Хамгийн их нас баралттай өвчин, шалтгаанд анхаар. Монгол Улс элэг ходоодны хорт хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлж байна. Цус харвалтын нас баралтаар дэлхийд удаалж байна. Энэ 2 руу гол анхаарлаа хандуул. Мэдээж “Элэг бүтэн“ хөтөлбөрөө үргэлжлүүлээд сайн хэрэгжүүлээрэй.
9. Иргэдийг сэрэмжлүүлэх, худал мэдээллээс хамгаалах: Үнэн худал нь мэдэгдэхгүй үзмэрч шидтэнгүүдийг цэгцлэх хэрэгтэй. Өвчтний эрүүл мэндийг хамгаалах, сэрэмжлүүлэх нь яамны үүрэг. Нотолгоогүй хуурамч эмчилгээг ялгаж салгах хэрэгтэй байна. Эмчийн ашиг сонирхлын тухай хууль яаралтай боловсруулж, батлуулах. АНУ−д “старк” ийн хууль гэж бий. Тэндээс санаа ав. Таньдаг мэддэг газар луугаа өвчтөн илгээж хувь хүртэх асуудал хирээс хэтэрлээ, хөгжин цэцэглэж байна. Алдаа дутагдлыг салбар дотроо хариуцлага тооцдог байх. Ижил мэргэжлийн эмчийн хөндлөнийн хяналтын баг ажиллуулах. Аль болох хуулиар биш ёс зүйгээр асуудлыг шийдэх нь зөв юм. Өдөр шөнөгүй өндөр ачаалалтай ажиллаж байгаа хүн, зөвхөн үдээс өмнө ажил хийдэг хүн 2 ын ажлын үнэлэмжийг шударгаар тогтооё.
Эмч нарын нэгдсэн холбоог хүч оруулж төрийн зарим ажлыг мэргэжлийн холбоод руу шилжүүлж татварын мөнгийг хэмнэе!!!
10. Сүлжээний бизнес, луйварт анхаар: Бүгдийг эдгээх ид шидтэй хэмээн иргэдийн тархийг угаах сүлжээний бэлдмэлийн бизнес хирээс хэтэрлээ. Телевизийн сувгуудын гол орлогын эх үүсвэр болсон бололтой. Өвчтөн үүнд итгэж эрүүл мэнд, цаг хугацаа, санхүүгээр хохирсоор байна.
11. Эрүүл хүнс, эрүүл хооллолт, эрүүл амьдралын хэв заншлыг дэмжих: Хүнс хөдөө аж ахуйн сайдтайгаа хамтраад ТРАНС ТОС ыг хэрэглээнээс хасах асуудлыг шийдээрэй. Архи, тамхи, давсны хэрэглээг бууруулах стратегийг шинэчлэн баталж хэрэгжүүлэх хэрэгтэй.
12. Эмнэлгийн дотоод халдварыг тэглэх шаардлагатай байна. Эмнэлэгт хүн өвчнөөсөө салах гэж очдог болохоос шинэ өвчин авах гэж очдоггүй!
13. Монгол хүний дундаж наслалт эрүүл мэндийн салбарын хөгжилтэй шууд хамааралтай байна. Судалгаагаар салбарын хөгжлөөр бид дэлхийд 145 д жагсаж байна. Өөрчлөлт гаргая! Ахиц гаргая!
14. Халдварт өвчин дотроос Сүрьеэ г онцгой анхаарах!!! Нийслэлд хийсэн судалгаагаар 10 хүүхдийн 1 нь далд сүрьеэтэй байна.
Мөн Ковид-19 шиг шинэ цартахал гарахад бэлэн байдлаа хангах.
15. Салбарыг ил тод, нээлттэй болгоё. Эмчилгээ, оношилгооны үр дүнг ил тод болгож төсвөөр санхүүжиж байгаа эмнэлгүүдийн санхүүжилтыг үр дүнтэй нь уялдуулах. Ард түмэн төлсөн татварыг хир үр ашигтай зарцуулж байгааг мэдэх, үр дүн шаардах эрхтэй.
16. Мэргэжлийн Хяналтын лабораторийн үр ашиг, ачааллыг нэмэгдүүлж, зөвөөр ашиглавал Монголд нэвтэрсэн хуурамч, чанаргүй эмийн асуудлыг 6-хан сарын дотор бүрэн шийдвэрлэх боломж харагдаж байна.
17. Уламжлалт анагаах ухааны хэрэглээг эмнэлзүйд нэмэгдүүлж, буурлын эрдмийг ШУ-ны нээлт болгон дэлхийд түгээх боломж байна!
18. ЭМД бол зөвхөн эмнэлэг санхүүжүүлэгч биш шүү. Энэ бол үйлчилгээний чанарыг сайжруулах маш чухал боломж, амин сүнс, хөшүүрэг шүү. Хэзээ ч бүү мартаарай!
19. ЭМЧ СУВИЛАГЧ НАР ЯПОН, СОЛОНГОС ЯВААД ДУУСЛАА. ЭХ ОРОНДОО ЭМЧЭЭ ХИЙГЭЭД ХАНГАЛУУН АМЬДРАХ БОЛОМЖИЙГ НЬ НЭЭМЭЭР БАЙНА. ЗӨВХӨН ЭМНЭЛГҮҮДИЙН ЧӨЛӨӨТ, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН Л ЭМЧ СУВИЛАГЧДЫН ҮНЭЛЭМЖИЙГ САЙЖРУУЛЖ ЧАДНА.
20. Хөдөлмөрийн яам, Дэд бүтцийн яам, ЦЕГ, ЗГ-тай хамтарч ажиллаад осол гэмтэл, амиа хорлолт, цаг бусын нас баралтыг бууруулах шаардлагатай.
21. Гарын үсэг зурж, тууз хайчилж, тамга дарахаас илүү тогтолцооны шинэчлэлд илүү анхаараарай! Бусад улсын эрүүл мэндийн салбарыг сайн судлаарай, судлах цаг байхгүй бол маш сайн зөвлөх аваад үгийг нь сонсоорой. Маргааш ч огцорч магадгүй гэж бодож, цаг алдалгүй, назгайралгүй ажлаа хийгээрэй. Яам дээр байх нэг цаг ч алтнаас үнэтэй!" гэсэн байна.
Б.БАТ
Холбоотой мэдээ