Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өчигдөр /2024.07.09/ “Монголын эдийн засгийн форум-2024” чуулганд оролцох үеэрээ газар олголттой холбоотой асуудалд тайлбар хийлээ.
Энэ талаар тэрбээр “Барилгын компанийн захирлууд авлигаар газар авч, барилга барьсан. Богд уулын газар, Нүхт, Яармагийн газруудыг авлигаар өгсөн.
Шударгаар газар аваад боссон хороолол нэг ч байхгүй. Ингэж хэлсний төлөө барилгын компанийн захирлууд намайг шүүхэд өгч магагдгүй.
Би өөрийгөө хамгаалахын тулд дангаараа газар олгодог зохицуулалтыг хумиад зөвхөн дуудлага худалдаагаар газар өгнө. Төр хувийн хэвшлийн түншлэлийн тендерт шалгарсан төсөл хөтөлбөрүүдэд газар олгоно. Намайг сая Play time-д дур мэдэн газар өглөө гэсэн. Би хувийн секторт газар өгөөгүй. Нийслэлийн Соёл урлагийн газарт 50 га газар өгөөд түүнийг тохижуулж өгөөд тэнд залуучуудын хөгжлийн наадам болсон.
Play time наадмын дөрвөн өдөрт 2000 гаруй жуулчин, 60 мянга гаруй Монгол залуус очоод тэнд 10 тэрбум төгрөгийн эдийн засаг үүсгэж байгаа учраас бид дэмжиж байгаа. Ирэх жил 15 тэрбумын эдийн засаг болгоё, Азийн тэргүүлэх наадам болгоё гэж байгаа.
Хотын дарга дуудлага худалдаагаар газар өгнө, хүний газрыг зам тавих гээд хурааж авсан бол нөхөн олговор өгнө. Төр хувийн хэвшлийн түншлэлээр газар өгнө, төрийн байгууллагад газар өгнө. Өөр сонголт байхгүй.
Газрын агентлаг аймаг, нийслэлийн Засаг даргын эрх мэдлийг давхар контралдахын тулд УИХ өнгөрсөн дөрөвдүгээр сард хуульд өөрчлөлт оруулаад дуудлага худалдаагаар орох гэж байгаа газар болгоныг Засгийн газрын хуралдаанаар оруулна гээд, тэрийгээ Засгийн газраар оруулж өгөхгүй манай дуудлага худалдааны орлого бараг 60 тэрбумаар тасарчихаад байна.
Хотын төвд дуудлагаар зарах газар зөндөө байгаа. Цаашид шударга байя. Бүх газруудыг дуудлага худалдаагаар дуудаж, олгоно. Хойшоо уулын аманд газар өгөхгүй гээд хуулинд биччихсэн.
Хотын иргэд газар авъя гэвэл Налайх, Багануур, Багахангай дүрэг, 21 аймагт авч болно” гэлээ.
Г.ХОРОЛ