Tom Ford: “Нэг ч эмэгтэйг хайрлаж байсангүй”

Хуучирсан мэдээ: 2010.09.03-нд нийтлэгдсэн

Tom Ford: “Нэг ч эмэгтэйг хайрлаж байсангүй”

Gucci, Saint Laurent загварын орднуудад хааны сэнтийд сууж байсан орчин үеийн хувцас загварын акулуудын нэг Tom Ford кино урлагт орж ирлээ. Зургаан жилийн өмнө Gucci-г орхихдоо “Би кино хийнэ” хэмээн ам өчиг өгч байсан тэр хэлсэндээ хүрчээ. Түүний энэ амлалт олон хүмүүсийн хөх инээдийг хүргэж байсан нь саяхан. Харин одоо энэ тэнхээтэй кино найруулагч, продюсерыг шоолох хүн бараг үгүй болоод байгаа. Тэрбээр өнгөрсөн оны сүүлчээр “Ганц бие эр” нэртэй анхны киноныхоо премьерийг Венецийн фестиваль дээр хийсэн билээ. Ганц бие эрийн дүрд тоглосон Холливуудын супер од Colin Firth BAFTA болон Венецийн кино фестивалийн шилдэг эрэгтэй жүжигчнээр тодорч байв. Харин саяхнаас буюу ердөө сарын өмнөөс ганц бие эрийн сонирхол татам түүх Америкт гарч эхлээд байгаа аж.
“Би архи уудаггүй, тамхи татдаггүй. Надад ганц муу зуршил байгаа маань л энэ. Үүнээс л татгалзах хэрэгтэй байна” гэж Ford гартаа барьсан Diet Coke-оо сэгсэрнэ. Ингээд тэр миний шинэхэн киноных нь тухай цөөн асуултад уриалгахнаар хариулт өгч эхэллээ. /Elle сэтгүүлийн сурвалжлагч-есдүгээр сарын дугаар/

-Таны киног үзэхэд шууд л Wong Kar Wai-гийн “My Blueberry Nights”, Stanley Kubrick-ын “Eyes Wide shut” нарын нөлөө маш ихээр мэдрэгдэж байх шиг…?

– Wong Kar Wai,,, Тиймээ, таны зөв. Stanley Kubrick гэж нэрлэсэн чинь ч зөв. Та энэ хоёр дээр Hitchcock, Antonioni нарыг нэмж болно. Гэхдээ та энэ нэрсийг дурдахдаа намайг тэднийг дууриасан гэсэн утгаар хэлээгүй гэж бодож байна шүү.

-Үгүй дээ, зүгээр л таны киног үзэхэд тэдгээр кинонууд санаанд орж ирсэн хэрэг?

-Үгүй шүү. Иймэрхий төрлийн залуус бол миний амьдралын нэгэн хэсэг. Анх кино хийхээр шийдэж, олон хүмүүсийн дургүйцлийг чихээрээ сонсч мэдэрч байх үедээ би киногоо ямар стильтэй хийх тухайгаа огтхон ч бодож байсангүй. Би зүгээр л өөрөө өөртөө ”Хэрвээ чи ямар нэгэн түүхийг өгүүлэхийг хүсч байгаа бол чамд хэлж, илэрхийлж гаргах зайлшгүй ёстой зүйл бий юу? Тэр зүйлээ илэрхийлэх, хэлэх чадвар чамд үнэхээр бий юу” гэж хэлж, асууж байсан.

-Кинон дээр гол дүр болон түүний хамтрагч хоёр 16 жилийн турш хамт байснаар гардаг. Бодит амьдрал дээр та ч бас өөрийн партнер Ричардтайгаа 20 жил хамт амьдарч байгаа. Тийм болохоор киноны хоёрыг та хоёртой харьцуулахгүй байхын аргагүй?

-Тиймээ. Хэрвээ хайртай хүн чинь хорвоог орхих ямар байдгийг киноноос мэдэрнэ. Маш зүрх зүсэм эмгэнэлтэй шүү дээ.

-Та бол үргэлж л амжилттай байсан хүн. Та өөрийн киноныхоо коммершэл амжилтыг урьдчилан мэдэж байсан уу, Магадгүй таамаглаж байсан уу гэж асуух хэрэгтэй байх?

-Би танд нэг зүйл хэлье. Энэ киноны хувьд би өөрийнхөө дотор байгаа жинхэнэ артист шинж чанарыг гаргах хэрэгтэй байсан. Артист хүн яг жинхэнэ авъяас мэдрэмжээ гаргаж байх үедээ коммершэл гэдэг зүйлийн тухай ор тас мартсан байдаг л даа. Мөнгө, ашиг орлого олох нь түүний зорилгын хамгийн жижиг хэсэг нь болчихдог. Би энэ киног хийж байх үедээ өөрийгөө бүхэлд нь артист, уран бүтээлч “тохируулга” дээрээ “тавьчихсан” байлаа.

-Тэгэхээр та хувцас загварт артист биш гэсэн үг үү?

-Мэдээж биш.

-Дизайнерууд хувцас загвараа зохион бүтээж байхдаа артист биш байдаг гэж та хэлэх гээд байна аа даа?

-Тодорхой дизайнерууд мэдээж хэрэг урлагтай холбогддог. Түүнийг би байтугай бурхан ч үгүйсгэхгүй биз. Тэд хувцас загвараа зохион бүтээж байх явцдаа коммершэл стратегийн тухай бодох ч сөхөөгүй, бодохыг ч хүсдэггүй байх. Хамгийн гол нь тэд өөрсдийнхөө хийж чадах хамгийн шилдгийг л хийхийг оролддог. Тэд бүх хайр, зүрх сэтгэлээ нэг даашинзанд ч өгч чадна. Харин би тэдний нэг биш ээ. Яагаад гэвэл би өөрийнхөө төсөөлөлд байсан жинхэнэ “артист”-аа хувцас загварт гаргаж чадаагүй юм. Миний төсөөллийн орон зайд байгаа хувцас загвараасаа би хэдэн мянган километр хол амьдарсан.

-Gucci, Saint Laurent-тай хамтран ажиллаж байх үедээ та өөрийгөө их нууж амьдардаг байсан санагддаг. Өөрийгөө илэрхийлэхгүйгээр хамаг мэдрэмжээ нууж явдаг байсан гэж хэлэх гээд байна л даа?

-Таны зөв шүү. Гэхдээ зөвхөн би тийм биш. Бүх загварын ертөнц тэр чигээрээ нуугдмал. Хувцас загвар гэдэг ердөө л өнгөн талыг санал болгодог. Магадгүй та Karl Lagerfeld-ийг надаас илүү мэддэг байж болох юм. Учир нь тэр өөрийгөө илүү их илэрхийлдэг. Гэхдээ та түүний тухай бүр юу ч мэдэхгүй хэвээрээ. Надад итгэ. Энэ бол үнэн үг шүү. Хувцас загвар зөвхөн өнгөн талыг л харуулдаг юм.

-Харин кино урлаг арай нээлттэй гэж та боддог уу?

-Кино үнэнийг өгүүлэхийг оролддог. Харин хувцас загвар ямар нэгэн нөлөөг л танд үзүүлэхийг оролддог.

-Таны киноноос бид таниас юуг олж харах бол?

-Кино тэр чигээрээ л намайг харуулна. Зарим хүмүүсийн дургүйг хүргэж болно. Гэхдээ хамаагүй.

-Жүжигчин Julianna Moore гол дүрийн ижил хүйстэн залууд дурласан хүүхний дүрийг бүтээсэн. Таныг гол дүр гээд бодож байгаад таниас эмэгтэйчүүдийн тухай л асуух гээд…?

-Julianna бол миний хайртай жүжигчин. Найз нөхрийн хувиар бол би түүнд хайртай. Амьдрал дээр хэн нэгэн эмэгтэй…гэдэг утгаар бол би үгүй гэж хариулмаар байна. Би сексийн талаас эмэгтэй хүнд татагддаг л даа. Гэхдээ миний ганц айдас бол би тэдэнд дурладаггүй, тэднийг хайрладаггүй. Амьдралдаа би нэг ч эмэгтэй хүнд хайртай байж үзээгүй. Би зөвхөн эрчүүдэд л дурлаж, тэднийг хайрладаг.

-Кинон дээр гол дүрийн залуу яг энэ үгийг хэлдэг?

-Тийм, би киноны яриа, screenplay-г өөрөө бичсэн.

-Та их онцгой хүмүүсийн нэг юм. Ихэнхдээ гей эрчүүд эмэгтэй хүнд сэтгэл алдардаг шүү дээ. Харин секс хийж чаддаггүй. Тэгэхийг хүсдэггүй ч гэх юм уу?

-Тиймээ, гэхдээ би өөрийнхөөрөө л байна. Тийм ч учраас би Julianna Moore-ийн дүр дээр онцгой ач холбогдол өгсөн. Гей залууд дурлаж, түүнд хайртай байна гэдэг ямар болохыг ихэнх эмэгтэйчүүд мэдэхгүй шүү дээ. Хайртай залуугаа гей байхыг мэддэг хэрнээ тэр итгэл найдвар тээсэн хэвээр л байдаг.

-Энэ киноны дараа таныг хүмүүс арай шинэ гэрэл гэгээтэй цонхоор харж байгаа болов уу?

-Олон жилийн өмнөөс би хүмүүсийн надад яаж ханддаг хандлагын тухай мартчихсан шүү дээ /инээв/

Ж.Нандиа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж