Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа | News.MN

Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

Хуучирсан мэдээ: 2010.03.18-нд нийтлэгдсэн

Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

Монгол улсын Их Хурлаас батлагдсан татварын багц хуулиудыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлж, татвар төлөгчдийн өмнө тулгарч буй  хүндрэл бэрхшээлийг хамтран шийдвэрлэх, татварын хууль тогтоомжид бизнес эрхлэгчдийн саналыг тусгах, мэдээллийн ил тод, нээлттэй тогтолцоог бий болгох зорилгоор өнөөдөр Үндэсний татварын ерөнхий газрын дарга Ц.Оюунбаатар, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн дарга С.Дэмбэрэл нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичигт Татварын албаны шинэчлэл, ил тодын хөтөлбөрийн хүрээнд татварын шинэчлэлийг гүнзгийрүүлж, татварын таатай орчинг бүрдүүлэх, “Бэлэн ба бэлэн бус төлбөр тооцоог бүртгэж, иргэдэд урамшуулал олгох тухай хууль”-ийн төслийг боловсронгуй болгох чиглэлээр МҮХАҮТ-ын гишүүн байгууллагуудын дунд хэлэлцүүлэг хийж, санал дүгнэлт гаргах, улмаар ТЕГ, МҮХАҮТ бизнес эрхлэгчдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулж, татварын хууль тогтоомжийг сайжруулах, өөрчлөн шинэчлэх, давхардал хийдлийг арилгах, талуудын эрх, үүрэг, хариуцлагын тэнцвэрийг бий болгох чиглэлээр эрх зүйн актуудад нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг боловсруулж, Засгийн газарт оруулах зэрэг асуудлуудыг тусгажээ.

Хамтарч ажиллах санамж бичгийн талаар Татварын Ерөнхий Газрын  дарга Ц.Оюунбаатар хэлэхдээ “…..Татварын байгууллага төрийн үйлчилгээг жинхэнэ ёсоор татвар төлөгчдөд хүргэх бүхий л бололцоог бүрдүүлж, татварын хууль тогтоомжид бизнес эрхлэгчдийн саналыг тусгах, Үндэсний татварын албаны үйл ажиллагаа, үйлчилгээний талаарх мэдээллийг бизнес эрхлэгчдэд шуурхай, хүнд сурталгүй, ил тод нээлттэй хүргэх тогтолцоог бий болгож, татварын алба  болон бизнесийн байгууллагуудын түншлэлийг бэхжүүлж, бизнес эрхлэгчдийн татвар төлөлт түүнд тавих хяналтыг боловсронгуй болгоход  хоёр байгууллагын хамтын ажиллагаа чухал үр дүнд хүрэх ач холбогдолтой” хэмээн онцлон тэмдэглэлээ.

Г.Дарь

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж