Евро 2024 тэмцээний хагас шигшээ шатны эхний тоглолт маргааш/2024.07.10/ 03.00 цагаас болно.
ИСПАНИ – ФРАНЦ
Европын хөлбөмбөгийн хоёр титаны гал гарах нь тодорхой галзуу нэгэн тоглолт Мюнхен хотноо болох гэж байна. Залуу Испани энэ Еврод үнэхээр гангарч, бүх тоглолтдоо хожсон ганц багаар тодроод буй. Харин Францын үлгэн салган явсаар хагас шигшээд шалгарлаа. Гэхдээ сайн мэдээ нь тэдний хамгаалалт гоол алдах дургүй байна. Таван тоглолтынхоо дөрөвт нь хаалгаа хуурай манажээ. Тэгэхээр гол асуудал нь довтолгоо болчихсон гэсэн үг.
Долдугаар сарын 9-нөөс 10-ны шилжих шөнө болох тоглолтод Испаниас Дани Гарвахаль болон Ле Норманд нар шийтгэлийн улмаас оролцохгүй нь тааруу мэдээ. Тэгэхээр Хесус Навас, Начо, Лапорте, Кукуреяа гэсэн хамгаалалтын дөрвөл гарах магадлалтай.
Тоглолтын өмнө Испанийн дасгалжуулагч Луис де ла Фуенте "Хагас шигшээ багуудын ямар зам туулж энд ирснийг, энэ бүхэн нь юу илтгэж байгааг хангалттай харж болно. Гэхдээ одоо бүхэлдээ шинэ, өөр тоглолт байх болно. Франц бол гоолын мэдрэмжтэй тоглогчдоор дүүрэн баг. Бид тэдний хүссэн эхлэлийг тавиулмааргүй байна" гэжээ.
Францын дасгалжуулагч Дидье Дешам "Испани энэ Еврогийн хамгийн шилдэг баг. Тоглолт бүрийнхээ дараа гүн сэтгэгдэл төрүүлж байна. Ер нь Испанийн багуудын дундын шугам нь тоглолтыг удирдахдаа сайн байдаг. Родри бол Испанийн гол хүн. Гэхдээ бусад нь ч мөн чухал" гэв.
Дээрх хоёр баг 2021 оны УЕФА Үндэстнүүдийн лигийн финалд учраа таарахад Франц хожиж байжээ. Гэхдээ одоо бүх зүйл өөр. Испанид Ламин Ямаль болон Нико Уиллиамс гэсэн хоёр шидтэн байна. Эсрэгээрээ Мбаппе болон түүний нөхөд дахин финалд гарч чадах болов уу?
Холбоотой мэдээ