Үндэсний баяр наадмын нээлт, хаалтын тасалбарыг долдугаар сарын 1-нд цахимаар худалдсан. Наадмын тасалбар худалдаалагдаж эхэлсэн даруйдаа нэг цагийн дотор зарагдаж дууссан. Тэгвэл наадмын тасалбар авч чадсангүй гэх иргэдийн бухимдал нийгэмд үүсээд буй. Нэг хүн олноор нь худалдан авч дамлан зарж, үнэ тэнгэрт хаддаг энэ үзэгдэл жил бүр давтагддаг.
Угтаа бол өнгөрсөн жилүүдэд тасалбар худалдаалах цэгүүдээр борлуулахаар нэг хүн олноор аваад дамлан зарж байна гэж үзээд, хоёр жилийн өмнөөс цахимаар борлуулдаг болсон. Гэсэн ч энэ байдал алга болсонгүй. Энэ жил ч мөн давтагдаж байна.
Наадмын тасалбар худалдаалагдаж дууссаны дараа цахим орчинд наадмын тасалбарын эрэлт ихэссэн. Үүнийгээ дагаад үнэ тэнгэрт хадсан юм. Наадмын тасалбар худаалагдаж дууссаны дараа, цахим орчинд наадмын шагийн тасалбарын үнэ нэг сая төгрөг хүрсэн гэх мэдээлэл хөвөрч байв. Тэгвэл өнөөдрийн байдлаар /2024.07.09/ тасалбарын үнэ бага зэрэг буурчээ. Тодруулбал, наадмын тасалбар зарна гэх зарын дагуу залгаж үнийг лавлахад, төв суудлын тасалбар 500 мянган төгрөг. Авна гэвэл яриад өгнө гэв. Цаг нь тулсан учир ийнхүү үнэ буурч байгаа болов уу. Ерөнхийдөө нэг тасалбар 250-500 мянган төгрөгийн үнэтэй байгаа аж.
Энэ жил наадмын нээлтийг үзэх 12 мянган ширхэг тасалбар борлуулжээ. Наадмын тасалбар суудлаасаа хамаараад 80.000, 100.000, 150.000 төгрөгийн үнэтэй байв.
Холбоотой мэдээ