Цахим хуудаст хулангийн сүрэг олноор нүүдэллэж, зам хөндлөн гарч байгаа бичлэг нийтлэгдсэн. Зуны дэлгэр цагт хулан ийн олноор сүрэглэж барагтай нүүдэлдэггүй бөгөөд энэ талаар Биологич, хөхтөн амьтан судлаач Н.Батсайханаас тодрууллаа.
Тэрбээр, зуншлага тааруу байгаатай холбоотойгоор хулан олноор сүрэглэж байгаа байх. Хулан бол уснаас хамааралтай амьтан учир ган зудтай, бэлчээр хомсодсон, усгүй газраас нүүдэллэж амьдардаг. Энэ жил ихэнх аймагт гандуу байгаа. Тиймээс уудаг ус нь ширгэсэн, бэлчээр муутай газраас хулан нүүдэллэж байгаа гэж дүгнэж байна.
Өөрөөр хэлбэл бэлчээр сэлгэж, олны хөлтэй газраар нүүдэллэхэд хүрч байна.
Өмнө нь 2015 онд Дорноговь аймгийн Зүүнбаянгийн хотгорт наймдугаар сард 200 орчим хулан сүрэглэн нүүдэллэж байсан. Түүнээс хойш хулангийн том сүрэг хараагүй. Харин энэ зун ус муу байгаатай холбоотойгоор олон тооны хулан сүрэглэсэн харагдана. Бэлчээрийн нөхцөл хүндрэхэд л хулан бөөнөөрөө нүүдэллэдэг гэлээ.
Холбоотой мэдээ