Парламентын ес дэх удаагийн сонгуулиар эрх баригч МАН-ын томчуудад хамгийн халтай тойрог нь Хангайн бүс буюу УИХ-ын нэгдүгээр тойрог байлаа. Ардын намаас тус тойрогт УИХ-ын дарга, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга, МАН-ын бүлгийн дарга, Засгийн газрын гурван ч сайд, Ерөнхийлөгчийн зөвлөх зэрэг албан тушаалтнуудыг сойсон боловч, Г.Тэмүүлэн, Б.Батцэцэг нараас бусад нь өвдөг шороодсон. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга Г.Занданшатар, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг нарын улс төрд сонгогчид цэг тавьсан. "Өвдөг шороодсон" тэдгээр улстөрчдөөс дараагийн албан тушаалдаа томилогдож, тамгаа гардаж авсан хүн бол Г.Занданшатар. Тэрбээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томилогдсон юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тамгыг өмнө нь Я.Содбаатар хариуцаж байсан юм. Тэрбээр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон тул түүний албыг экс спикер ийнхүү залгамжлах болов. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, түүний Тамгын газрын дарга Г.Занданшатар нар эртний найзууд.
У.Хүрэлсүх Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулж, Ерөнхий сайд болсныхоо дараа УИХ-ын даргаас М.Энхболдыг буулгаж, дотны найзаа спикерийн суудалд суулгасан. Тухайн үед У.Хүрэлсүх албан бусаар Монголын гүйцэтгэх засаглалыг нь, хууль тогтоох байгуулагатай удирдахаар болов гэсэн шүүмжлэл хүртэл дагалдаж байлаа.
Г.Занданшатарын хувьд Ерөнхийлөгчийн Тамгын газрыг өлхөн аваад явчих мэдлэг боловсрол, улс төрийн туршлагатай нэгэн. Төрийн бусад институцитай хэл амаа ололцож, дундын зохицуулагч болж чадах байх. Энэ үүднээс У.Хүрэлсүх түүнд тамгаа итгэж өгсөн биз.
Харин МАН-ын бүлгийн дарга асан Д.Тогтохсүрэнг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилохоор яригдсан ч харамсалтай нь насаараа тэнцээгүй. Гэхдээ МАН түүнийг хоосон үлдээхгүй нь тодорхой. Харин намын нэр дэвшигчдээ татан унагаасан дуулианд нэр холбогдсон Батлан хамгаалахын сайд асан Г.Сайханбаяр одоогоор гэртээ бүгсэн бололтой, нам жим байна.
Г.Занданшатар УИХ-ын даргаас Ерөнхийлөгчийн тамга манаачаар очиж буй нь анхны тохиолдол биш. АН-ын засаглах үед УИХ-ын даргаар ажиллаж, арслан, заан мэт авирлаж явсан З.Энхболд 2016 онд намаа удирдан сонгуульд орж, 35 суудлаа есөн суудалтай болгосон хариуцлагаа хүлээж намын даргын албан тушаалаасаа огцорсон. Ингээд бүтэн нэг жил гаруй хугацаанд ажил, албагүй гэртээ суусны эцэст 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшсэн Х.Баттулга ялалт байгуулж, Монгол Улсын Төрийн тэргүүнээр сонгогдох үед түүний Тамгын газрын даргаар томилогдож байв.
Тэрбээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа Х.Баттулгатай нийлж, улсаа Шанхайн ломбардад золтой тавьчихаагүй. Түүнчлэн журмын нөхдөө хилсээр яллахад Х.Баттулгад нөлөөлсөн гэж буруутгагддаг. Түүнийг улс төрийн хүрээнийхэн "ордны тайган" гэж хочилсон нь Төрийн ордонд хор, хов найруулж явсантай нь холбоотой биз. Нөгөөтэйгүүр, Х.Баттулгаасаа давж тоглон, хэн нь Ерөнхийлөгч юм бэ гэх хүртэл шүүмжлэл дагуулж байсан тул 2020 онд ажлаас чөлөөлж, оронд нь Ө.Шижирийг томилсон юм.
Энэ хоёр жишээнээс харвал сандлаасаа унасан УИХ-ын дарга нарын улс төрийн сүүлчийн зогсоол нь Ерөнхийлөгчийн Тамгын газар болж хувирсан бололтой.
Б.ШАРХҮҮ
Холбоотой мэдээ