Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-оос УИХ-ын сонгуулийн үеэрх хүний эрхийн зөрчлийн асуудлаар өнөөдөр /2024.07.08/ мэдээлэл хийлээ.
ХЭҮК-ын ахлах референт Ч.АРИУНАА:
-УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үеэр санал авах байрны хэмжээнээс хамаарч ширээ хоорондын зай хэт ойрхон байрласны улмаас сонгогч нууцаар санал өгөх боломж бүрдээгүй, зарим хэсгийн хороод зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авахдаа санал авах бүхээг, хуруунд бэхэн тэмдэглэгээ хийхийг орхигдуулсан. Мөн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авахаар хэсгийн хорооны гишүүд болон ажиглалт хийх есөн хүний бүрэлдэхүүн айлд орж байгаа нь бага насны хүүхэд, хэвтрийн хүнд өвчтэй өрхийн гишүүдэд хүндрэл учруулсан.
Түүнчлэн гутлын улавч өмсөөгүй, маск зүүгээгүй нь өрхийн гишүүдийн эрүүл, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлсөн зэрэг зөрчил гарсан.
Монгол Улсын хэмжээнд нийт 240 ажиглагч УИХ-ын 2024 оны сонгуулийн өдөр ажилласан. Тодруулбал 112 хэсгийн хороонд зургадугаар сарын 28-ны өдөр ажиглалт хийсэн. Эдгээр 112 хэсгээс 48 хэсэгт тэргэнцэртэй сонгогч санал авах байр луу орох боломжгүй байсан. Мөн 29 хэсэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нэгээс доошгүй санал авах бүхээг бэлдээгүй. Түүнчлэн 16 хэсэгт харааны бэрхшээлтэй иргэн саналаа өгөхөд зориулсан саналын хуудас, хавтас байгаагүй.
Монгол Улсын хэмжээнд нийт 115 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас 82 мянга гаруй нь сонгуулийн насны иргэн байна. Энэ нь сонгуулийн насны иргэдийн долоон хувийг эзэлдэг. Эдгээр иргэдийн 14-16 хувь нь ганцаараа саналын байранд очих боломжгүй юм. Үүнд үндэслэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сонгуулийн санал авах байр хэр хүртээмжтэй эсэх асуудалд есөн дүүргэг, 19 аймгийн 77 санал авах байр, мөн зөөврийн санал авах үйл ажиллагаанд мониторинг хийсэн.
Нийт санал авах байрны 75 хувь нь нэгдүгээр давхарт, 26 хувь нь хоёр, гурав болон В1 давхарт байрлаж байсан. Эдгээр санал авах байрууд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд бие даан нэвтрэх санал өгөх боломж хязгаарлагдмал, 95 хувь нь орц, гарцын хувьд хүндрэлтэй байсан гэв.
Холбоотой мэдээ