Евро 2024 тэмцээний хагас шигшээ шатны дөрвөн багийн нэрс бүрэн тодорлоо.
АНГЛИ 1 – 1 ШВЕЙЦАРЬ
Торгуулийн цохилт 5-3
Жордан Пикфорд торгуулийн цохилт дээр баатарлаг гавьяа байгуулж, шигшээ багаа хагас шигшээд хүргэлээ. Хоёр багийн тоглолт эхнээсээ зохион байгуулалттай, харилцан довтолсон нээлттэй хөлбөмбөгийг үзүүлсэн. Английн шигшээ гурван хамгаалагчтай хувилбар сонгож, довтолгоондоо илтэд анхаарав. Гэхдээ аюултай довтолгооны санаачлага Швейцариас илүү ирж байсан.
Швейцарийн довтлогч Брийл Эмболо зорьсондоо хүрч, тоглолтын эхний гоолыг оруулсан. Английн шигшээ баг хасагдах шатны хоёр тоглолт дараалан эхлээд гоол алдаж байгаа нь энэ.
Гэхдээ хариу гоол оруулах гэж удаан зүдэрсэнгүй. Гарет Саутгейт гурван сэлгээ оруулсны дараа Букайо Сака алсын цохилтоор тооны харьцааг тэнцүүлсэн. Ийнхүү үндсэн цаг тэнцээгээр өндөрлөж, нэмэлт цаг сунгасан.

Нэмэлт цагт Пикфорд, Зоммер нарын хаалганд гоол ороогүй учир торгуулийн цохилтоор ялагчийг тодруулав. Хувийн ур чадвар хавь илүү Английн шигшээ багийнхан алдаа гаргасангүй, бүгд цохилтоо амжилттай болгосон бол Пикфорд Швейцарийн хоёр цохилтыг хаажээ.
Тоглолтын дараа Английн дасгалжуулагч Гарет Саутгейт "Тоглогчид маань гайхалтай байлаа. Бидний хамгийн шилдэг тоглолт байлаа. Бид бөмбөгтэй үедээ аюул тарьсан. Швейцарь ч сайн байлаа. Тэд сайн шахаж, хамгаалахад хэцүү байж, шилжилт нь сайн байлаа. Дахиад л хэцүү байдлаас эргэн ирлээ. Өөрсдийн авьяас чадвар, нөөц бололцоог харууллаа. Энэ тэмцээнд түрүүлэхийн тулд дан ганц сайн тоглох хангалтгүй. Бусад бүх шинж чанаруудаа харуулах хэрэгтэй" гэжээ.

Швейцарийн дасгалжуулагч Мурат Якин "Хэцүү байна. Бид бүхнээ дайчилж, олон боломж үүсгэлээ. Тамирчдынхаа, эх орныхоо өмнөөс харамсч байна. Англи олон боломж үүсгээгүй. Бид өөрсдөө илүү үүсгэсэн. Бид гэртээ харих эрхгүй. Гэхдээ үнэхээр бахархаж байна. Англи ч хожигдох эрхгүй байлаа. Гэхдээ аль нэг нь хожигдох ёстой" гэв.
НИДЕРЛАНД 2 – 1 ТУРК
Туркийн аялал энд хүрээд өндөрлөж байна. Тэд тоглолтыг 1-0 гэсэн харьцаатай тэргүүлж эхэлсэн ч Нидерландын шигшээ хоёр гоол дараалан оруулж, ялалт байгуулав. Туркийн шигшээ баг тоглолтоос тоглолтод яван чангарч, ирэх дэлхийн аварга, Еврогоор аюул тарина гэдгээ мэдэгдэв. Эхний гоолыг өнөөх Арда Гулерын дамжуулалтаар Самет Акаядин оруулсан юм.
Хоёрдугаар үед Арда Гулерын чөлөөт цохилт шон онож, "азгүйтсэн". Хэрэв тэр цохилт хаалганд орсон бол Нидерланд хэцүү байдалд орох байв.Тоглолтын 70 болон 76 дахь минутуудад Нидерланд дараалан гоол оруулж, тэргүүллийг авсан. Ингэхдээ Стефан де Врай багийнхаа эхний гоолыг оруулж, дараа нь Мерт Мулдур өөрийн хаалгандаа гоол оруулчихсан.
Тоглолтын төгсгөлд Туркийн шигшээ гоол оруулах гэж зүтгэсэн ч Нидерландын хамгаалалт нягт байлаа.

Тоглолтын дараа Нидерландын дасгалжуулагч Роналд Куман "Манай ард түмний хувьд энэ бол онцгой зүйл. Бид жижиг улс ч хагас шигшээд Англи, Франц, Испанитай шалгарлаа. Үнэхээр бахархаж байна. Бид өнөөдөр хэцүүхэн хожлоо. Угаасаа амар тоглолт гэж үгүй. Тэд бүхнээ зориуллаа. Үнэхээр сэтгэл хөдөлгөсөн, бид чин зүрхээ гаргасан тоглолт байлаа. Хоёрдугаар хагаст сайн байсан. Хагас шигшээд тоглох боломжтой болсондоо баяртай байна" гэжээ.

Туркийн дасгалжуулагч Винченцо Монтелла "Бид бүхнээ дайчиллаа. Энэ тэмцээнд ч сайн оролцлоо. 90 минутын хөлбөмбөгт бид Нидерландтай адил хожил байгуулсан. Баг хамт олон, тамирчиддаа баяр хүргэе. Бидэнд олон залуу тамирчид байна. Тэд гайхалтай тоглолоо. Тэднээрээ бахархаж байна. Тэд энэ бүх хайр, дэмжлэгийг хүртэх эрхтэй. Энэ тэмцээний дараа хүмүүс Туркийн хөлбөмбөгийг илүү ирээдүйтэй гэж харах болно" гэв.
3,595.72






















































Холбоотой мэдээ