Сэлэнгэчүүд 26 кг жинтэй хулуу ургуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.03-нд нийтлэгдсэн

Сэлэнгэчүүд 26 кг жинтэй хулуу ургуулжээ

Жил бүрийн намартай уралдан нийслэлд шинэ ургацын ногооны үзэсгэлэн худалдаа хаа сайгүй зохион байгуулдаг. Нийслэлчүүд ч эх орныхоо эрүүл хөрсөнд ургасан экологийн цэвэр бүтээгдэхүүн, аюулгүй хүнс  гэдэг талаас нь хоног тоолон хүлээх болсоор удаж байгаа. Энэ намрын үзэсгэлэн худалдааны салхийг хагалж Сэлэнгийн ногоочид “Sky” худалдааны төвийн өмнөх талбайд өчигдөр нээлтээ хийлээ. Сэлэнгийн шинэ ургацын хүнсний ногооны үзэсгэлэн худалдааг “Сэлэнгийн хөгжил сан”-гаас тав дахь жилдээ зохион байгуулж байгаа нь энэ. Сонирхуулахад тус санг үүсгэн байгуулагч нь УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл юм байна. тиймээс үзэсгэлэн худалдааны нээлтэд оролцож, шинэ ургацын дээжээ нийслэлчүүддээ хүргэхээр ирсэн ногоочдын худалдаа хийж буй павилонд зочлон, өөрийн хүн шиг яриа өрнүүлж харагдана лээ. Ногоочдын ярихыг сонсвол хаврын хавсарга, зуны халуунаас халшралгүй тарж ургуулсан ногоогоо хэрэглэгчдэд хэрхэн хүргэх тал дээр нэг л эвээ олохгүй мунгинаад байгаа гэнэ. Үзэсгэлэн худалдааны хамгийн урд захын павилонд байрлах Сэлэнгэ аймгийн Сант сумаас ирж оролцож буй ногоочин Д.Цэрэндолгортой уулзлаа. Төмс, байцаа, лууван гээд бүх төрлийн хүсний ногоо өмнөө дэлгэн тавьснаас гадна даршилсан ногоо, жимсний шүүс гэх мэтийг худалдаалахаар зэхжээ. Тэрээр найман жил ногоо тарьж, сүүлийн хоёр жил үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа гэнэ. Ах дүү нийлсэн таван өрх нийтдээ дөрвөн га талбайд төмс, хүнсний ногоо тариалж, ойролцоогоор 4 тонн лууван, 10 тонн төмс, бусад хүнсний ногоо 10 тонн хураадаг аж. Ногоо тарихаас гадна цөөн тооны гахай, тахиа үржүүлдэг аж. Өдөр тутамд гарч байгаа ногооны хаягдлаар гахай тахиагаа хооллочихдог.



Сэлэнгийн шинэ ургацын үзэсгэлэн худалдаа 2006 оноос эхлэн жил бүр гарч, “Сэлэнгийн хөгжил” сан, SKY худалдааны төвтэй хамтран тав дахь жилдээ зохион байгуулж байгаа аж. Өчигдөр тус аймгаас 90 гаруй ногоочид ирсэн байв. Нэг ногоочны ард 5-10 хүний нэгдэл байдаг, тэд хоршоо хэлбэрээр ажилладаг аж. Үзэсгэлэн худалдааны нэг давуу тал нь ченжүүдэд нэмүү өртөг бэлэглэх бус өөртөө шингээх боломж бүрдэж байна гэсэн үг. Бас нэг сонин дуулгахад Э.Бат-Үүл гишүүн ногоочдын ургацын бүтээгдэхүүнийг урамшуулах талаар хуулийн төсөл санаачилж УИХ-д оруулахаар төлөвлөж байгаа гэнэ. Үр тариан дээр тонн тутамд 60 мянган төгрөгийн урамшуулал өгдөг шиг ногоочдыг ч бас урамшуулах хэрэгтэй. Зүгээр суугаад мөнгө авах бус ногоогоо тариад, ургацаа аваад, хэрэглэгчдэдээ хүргээд урамшилаа авахад буруу нь юу гэж.
Уг нь есдүгээр сарын 5-наас аравдугаар сарын 20 хүртэл хилээр төмс, хүнсний ногоог импортоор оруулж ирэхийг хуулиар хориглоод байгаа. Гэвч ногооны ченжүүд ногоогоо их хэмжээгээр нь оруулж ирдэг учраас нэгжид ноогдох өртөг буюу жижиглэнгийн үнээ багасгадаг аж. Тэр манай ногоочдыг хүнд байдалд оруулж, үнийн цохилт болдог гэнэ.
Тиймээс дийлэнх ногоочид их хэмжээгээр ногоо тарьлаа ч зах зээлд борлуулах боломж нь бага учир ихэнхийг нь газар дээр нь ченжүүдэд борлуулж, үлдсэн жаахныг нь  орон нутагтаа хямд үнээр борлуулдаг байжээ. Харин сүүлийн таван жилд нийслэлийн хэрэглэгчдэд өөрсдийн гар дээрээс шууд борлуулах боломжтой болсон нь энэ. Энэ жил Сэлэнгийн хөрсөнд 26 кг жинтэй хулуу ургасан нь бас нэг гайхамшиг болжээ. “Сэлэнгийн ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа дээр худалдаалагдаж байгаа төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнийн үнийг сонирхуулахад төмс 600-800 төгрөг, шуудайгаар нь авбал 400-500 төгрөг. Лууван 800-1000, 10-аас дээш килограммаар бол 500 төгрөг. Тарвас килограмм нь 450-500 төгрөг. Улаан лооль килограмм нь 2000. Өргөст хэмх 800 төгрөг. Чацаргана, аньс, хад, нэрс килограмм нь 4000 төгрөг. 500 граммаар савласан шүүс нь 1500-2000 төгрөг. 500-750 граммаар савласан варень нь 1800-2000 төгрөг байна.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж