Евро 2024 тэмцээний шөвгийн найман багийн сүүлийн тоглолтууд өнөөдөр/2024.07.06/ шөнө үргэлжилнэ.
АНГЛИ – ШВЕЙЦАРЬ /00.00 цаг/
Энэ долоо хоногийн эхээр Швейцарийн дасгалжуулагч Мурат Якин "Бид Германтай эн тэнцүү өрсөлдөж, Италийг хожсон юм бол яагаад Английг хожиж болохгүй юм бэ" гэж байв. Үнэхээр л Швейцарийн шигшээ баг энэ Еврод гайхалтай байгаа. Хамгаалалтаас довтолгоо хүртлээ өөлөх зүйл үнэндээ алга.
Английн дасгалжуулагч Гарет Саутгейт өнөөдөр шигшээ багаа удирдан 100 дахь тоглолтдоо оролцох гэж байна. Өнөөдөр түүний сүүлийн тоглолт уу эсвэл цомд хүрэх аяллын дамжин өнгөрөх цэг үү гэдэг нь тодорхой болно. Унтаа, уйтгартай гэгдээд буй Английн шигшээ баг өнөөдөр үнэн төрхөө гаргаж, оддынхоо ачаар хүчтэй өрсөлдөгчөө давж гарч чадах болов уу?
Тоглолтын өмнө Гарет Саутгейт "Швейцарь бол сайн тоглогчидтой, сайн тоглож байгаа баг. Тэд тоглолтын эхнээс хурдтай шахдаг. Багийнхаа системд хэдийнэ сайн уусаж, тоглолт бүрт бэлэн байдаг баг. Түрүүлж гоол хийвэл хэрхэн хамгаалахаа сайн мэддэг. Тэд үнэхээр сайн баг" гэв.
Швейцарийн дасгалжуулагч Мурат Якин "Том баг бүр л хасагдах шатанд анхаарлаа төвлөрүүлдэг. Нэгэнт л энэ шатанд шалгарсаан бол ганцхан тоглолт бүгдийг шийднэ. Англи гурван жилийн өмнө финалд хүрсэн. Хүн бүр тэднийг сайн баг, сайн тоглогчидтой гэдгийг мэднэ. Дахин нэг том баг гомдоох эсэх нь бидний гарт байна. Бид мэддэг хөлбөмбөгөө тоглоно. Бүх зүйл боломжтой. Аз бидний талд гэдэгт итгэж байна" гэжээ.
Холбоотой мэдээ