Роналдогийн сүүлийн бүжиг харууслын аяаар төгсч, Герман хүчирсэнгүй

Хуучирсан мэдээ: 2024.07.06-нд нийтлэгдсэн

ЕВРО-2024

Роналдогийн сүүлийн бүжиг харууслын аяаар төгсч, Герман хүчирсэнгүй

Роналдогийн сүүлийн бүжиг харууслын аяаар төгсч, Герман хүчирсэнгүй

Евро 2024 тэмцээний шөвгийн найман багийн тоглолтууд орон нутгийн цагаар өчигдөр/2024.07.05/ эхэллээ.


ИСПАНИ 2 – 1 ГЕРМАН

Урьдчилсан финалд Испани хожиж, аварга болох замаа засчихлаа гэж гадуур ярьж байна. Арга ч үгүй. Энэ Еврогийн турш хамгийн сайн байсан хоёр баг арай эрт учраа таарч, үнэн хүчийг үзлээ. Тоглолт эхнээсээ харилцан бөмбөг эзэмшиж байсан ч Испанийн довтолгоо ялимгүй аюул тарьж байв. Ялангуяа Нико Уиллиамс, Ламин Ямаль гэсэн Испанийн залуу хослол Германы хамгаалалтыг хэд хэд шалгаад амжсан.

Тоглолтын эхлэлд нэгэн харамсалтай үйл явдал тохиосон нь Испанийн гол тоглогчдын нэг Педри гэмтэл авч, тоглолтыг үргэлжүүлээгүй. Гэхдээ Ла Роха эхний гоолыг оруулсан. Ямалийн дамжуулалтаар сэлгээгээр талбайд гарсан Олмо гоолдож, Испани тэргүүлж эхлэв.

Хоёрдугаар үеэс Герман довтлохоос өөр сонголтгүй болсон. Эх орондоо ард түмнийхээ өмнө тоглож байсан тэдэнд гоол оруулах аз дутсаар л байв. Улмаар 89 дахь минутад Виртц ус, агаар мэт хэрэгтэй гоолыг оруулж, багаа амьд үлдээсэн. Үндсэн цаг эвийн гэрээгээр өндөрлөж, нэмэлт 30 минут тоглохоор боллоо. Хоёр баг хоёулаа л гоол оруулчих боломжоо ашиглаж чадсангүй.

Дэлхий нийтээрээ л торгуулийн цохилтыг хүлээж байсан ч Мерино өөр бодолтой байжээ. Гарвахалийн бүтээлч байдал Испанийн довтолгоог эрчимжүүлж, Олмогийн хөндлөн дамжуулалтыг Мерино гайхалтай мөргөж, Нойерын хаалгыг мялаажээ. Түүний үсрэлт, агаар дээр харагдаж буй байдал зэрэг нь уран зураг гэмээр. Энэ үйл явдал 119 дэх минут буюу нэмэлт цаг дуусахаас ердөө нэгхэн минутын өмнө тохиосон. Герман ч бууж өгөөгүй. Тоглолтын төгсгөлд тэнцүүлэх дөхсөн ч хожил тэдний талд байсангүй.

Испанийн энэ хожил зүгээр ч нэг олдоогүй. Ирэх хагас шигшээд Алваро Мората, Дани Гарвахаль нар шийтгэлийн улмаас оролцохгүй аж.

Тоглолтын дараа Испанийн дасгалжуулагч Луис де ла Фуенте "Энэ бол бидний ололт амжилтыг үнэлж ирсэн таашаал авах мөч. Тоглогчид маань шуналаа. Би ийм тоглогчдыг дасгалжуулж байгаагаараа бахархаж байна. Тэд хамгийн өндөр түвшинд өрсөлдөж сурсан хүмүүс. Тэд энэ тэмцээнд түрүүлэх боломжоо үүсгэлээ. Энэ баг үргэлж тэмцэх болно. Мэдээж сайжруулах зүйлс байна. Гэхдээ би тэдний бахархал, чанар, хичээл зүтгэлийг үгүйсгэж чадахгүй" гэжээ.

Германы дасгалжуулагч Юлиан Нагельсманн "Хагас шигшээд шалгарсан Испанид баяр хүргэе. Эхний хагас үнэхээр нээлттэй байлаа. Бид хоёрдугаар үеийн 60 дахь минутаас эхлэн илүүрхсэн. Үнэхээр илүү баг нь байлаа. Тоглолтын төгсгөлд тооны харьцааг тэнцүүлсэн нь бидний хүртэх ёстой үр дүн. Гэтэл сүүлийн мөчид ялалтаа алдчихлаа. Харамсалтай нь жигүүрт хангалттай дарамт үзүүлж чадсангүй" гэв.

ПОРТУГАЛ 0 – 0 ФРАНЦ

Торгуулийн цохилт 3-5

Мбаппе хүү өөрийн шүтээн Роналдог гомдоолоо. Шүтээнийхээ өрсөлдөгч болтол хөдөлмөрлөсөн Мбаппе өчигдөр эхний үед багийнхаа хамаг л довтолгоог эхлүүлж, найруулж, Португалын хоёр жигүүрийн хамгаалагчдыг ээлж дараалан сандаргав. Гэхдээ гоол орсонгүй. Эсрэг талд Португал ч аюултай довтолгоо өрнүүлсэн. Ганц байтугай л гоол орчих боломж, мөч үүссэн ч хоёр багийн хамгаалалт тэр дундаа хаалгачид сайн байлаа. Майнан, Кошта хоёрын хаалганд гоол оруулна гэдэг бүтэшгүй харагдсан.

Ийнхүү үндсэн цаг 0-0 гэсэн харьцаатай өндөрлөж, нэмэлт цагт хоёр дасгалжуулагч эцсийн нүүдлүүдээ хийв. Мбаппег хүртэл сэлгээнд суулгасан гэхээр Францын бүрэлдэхүүн зузаан байжээ.

Нэмэлт цагт ч гоол орсонгүй. Хүсэн хүлээсэн, айдас, сандрал дагуулсан торгуулийн цохилтын мөч ирэв. Нийт найман хүн цохисноос ердөө нь ганц нь л алдсан. Тэр хүн нь Португалын Жоао Фелиш байлаа.

Магадгүй сүүлийн Еврод тоглосон Португалын амьд домгууд болох Кристиано Роналдо, Пепе нар тоглолтын дараа нулимсаа нуусангүй.

Тоглолтын дараа Португалын дасгалжуулагч Роберто Мартинез "Бид сайн тоглож, олон боломжийг үүсгэлээ. Тамирчдаараа бахархаж байна. Тэд гайхалтай тоглолтыг үзүүллээ. Бид илүү бөмбөг эзэмшиж, илүүрхэж байсан. Хожил хүртэх эрхтэй байсан ч харамсалтай зүйл тохиолоо. Тамирчид маань өөрсдөөрөө бахархах хэрэгтэй. Бид хожигдсон ч бахархалтай, бүхнээ дайчилж, жинхэнэ Португал маягаар хожигдлоо. Бид энд хүрээд зогсохгүй. Ирээдүйд бид бүхнээ дайчилна" гэв.

Францын дасгалжуулагч Дидье Дешам "Үнэхээр өндөр хэмнэлтэй, ойрхон тоглолт боллоо. Яаж ч төгсөх боломжтой байлаа. Нэмэлт цагт бид бөмбөг бага эзэмшлээ. Харахад хэцүү байлаа. Жижиг зүйлс л шийдлээ. Багтаа баяртай байна. Тэд өөрсдийгөө хязгаар хүртлээ шахаж, хожил авчирлаа. Бид хагас шигшээд шалгарлаа" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
10
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж