Ираны ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн санал хураалт зургадугаар сарын 28-нд болсон. Гэвч үнэмлэхүй ялагчаар тодрох хангалттай санал авсан нэр дэвшигч гараагүй тул хоёр дахь шатны сонгуулийг өчигдөр /2024.07.05/ зохион байгуулжээ. Ахмад хууль тогтоогч Масуд Пезешкян, цөмийн хэлэлцээрийн төлөөлөгч асан Саид Жалили нар өрсөлдөж буй бөгөөд эцсийн дүн хараахан гараагүй байна.
Олон улсын хэвлэлд мэдээлж буйгаар Масуд Пезешкян ялах магадлалтай байна. Тэрбээр өрсөлдөгчөөсөө гурван сая орчим саналаар илүү байгаа аж.
Масуд Пезешкян нь 2008 онд парламентын гишүүн болсон бөгөөд 2016-2020 онд парламентын дэд даргаар ажиллаж байв. Иран эмэгтэйчүүдийн хижаб зүүх дүрмийн хэрэгжилтийн арга барилыг тэр төдийлөн дэмждэггүй. Гэхдээ ерөнхийлөгчөөр сонгогдвол Хаменеигийн бодлогыг баримтална гэж мэдэгджээ. Тэрбээр эхний шатанд 10.5 сая санал авчээ. Масуд Пезешкян сонгуулийн кампанит ажлын хүрээнд "Ираныг дэлхий дахинд нээж, ард түмнийхээ хүсэн хүлээсэн эрх чөлөөг эдлүүлнэ" гэж амласан.
Эхний санал хураалтын үеэр Ираны сонгогчдын 60 гаруй хувь нь ээлжит бус сонгуульд оролцохоос татгалзаж, ирц бүрдээгүй. Энэ удаад сонгуулийн ирц харьцангуй өндөр байгаа аж.
Цахим сүлжээний бичлэгүүдийг харахад Пезешкяныг дэмжигчид хэдийнэ баяраа тэмдэглээд эхэлжээ. Иргэд хотын гудамжинд бүжиглэж, жолооч нар дуут дохиогоо хангинуулж байна. Пезешкяны төрөлх хот Урмиа хотын баруун хойд хэсэгт хүмүүс гудамжинд чихэр тарааж байв.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ