Далайн хар салхи, ширүүн бороо, ган гачиг, халууны улмаас учирч болох хохирлыг багасгах арга замыг судлах зорилгоор Хойд Солонгос улс өнгөрч буй долоо хоногт Цаг агаар, далай тэнгисийн шинжлэх ухааны бага хурал зохион байгуулжээ. Зуны улиралд аадар бороо ихээр орох нь хөдөө аж ахуйд ноцтой нөлөөлж болзошгүй тул цаг агаарын урьдчилсан мэдээг хурдан шуурхай бөгөөд үнэн зөв гаргах шаардлагатайг Хойд Солонгосын эрх баригчид санууллаа. Тус улсын "Родонг Синмун" хэвлэлд мэдээлснээр цаг агаарын таамаглалыг үнэн зөв гаргах нь бороо уснаас ихээхэн хамааралтай байдаг хөдөө аж ахуйн салбарынхны оршин тогтнолд нөлөөлнө.
Хойд Солонгос хориг арга хэмжээнээс болоод хүнсний хомсдол, ядууралд нэрвэгдээд буй. Үүн дээр цаг агаарын тааламжгүй байдал нэмэгдээд хямралыг улам даамжруулж байна.
2012 оны 6-8-р саруудад Болавен хар салхи, аадар борооны улмаас тус улсад 300 хүн амиа алдаж, 600 хүн бэртэж, сураггүй алга болсон түүх бий. Covid-19 цар тахлын үеэр буюу 2020 онд мөн тус улсыг гурван ч удаа дараалан хар салхи дайрчээ. Энэ үеэр Хойд Солонгосын талхны сав гэгддэг баруун Хванхэ мужид аадар бороо орсон.
Тус улсын газар тариалангийн үйлдвэрлэл өнгөрсөн онд 310 мянган тонноор нэмэгдэж, 4.82 сая тоннд хүрсэн. Харамсалтай нь энэ нь Хойд Солонгосын ард түмнийг тэжээхэд хангалттай хүрэлцэхүйц хэмжээ биш юм. Хойд Солонгосын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас гаргасан таамаглалд дурдсанаар газар тариалангийн үйлдвэрлэл 5.76 сая тонн хүрснээр хойд солонгосчуудад хангалттай хүрэлцэх ажээ.
Эх сурвалж: YONHAP
Холбоотой мэдээ