нэмэлт: 23.00 цаг
МАН-ын Бага хурлаар тус намын Ерөнхий нарийн бичгийн даргаар Я.Содбаатарыг томилов. Түүний хувьд өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байгаад УИХ-ын сонгуулийн дараа үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон юм. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан сонгуульд ялалт байгуулж, УИХ-ын даргаар томилогдсон билээ.
МАН-ын Бага хуралд оролцсон гишүүдийн олонх нь Я.Содбаатарыг генсекээр томилохыг дэмжиж, албажуулсан байна.
МАН-ЫН БАГА ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ
нэмэлт: 20.30 цаг
МАН-ын Бага хурал 18.00 цагт товлогдсон ч дөнгөж сая хуралдаж эхэлжээ. Хуралдааны эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бага хурлын гишүүдэд хандаж, үг хэлж байна.
Бага хурлыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Э.Болормаа нар даргалж байна.
МАН-ЫН БАГА ХУРАЛ 18.00 ЦАГТ ХУРАЛДАНА
Монгол Ардын намын Бага хурал өнөөдөр /2024.07.05/ 18.00 цагт товлогджээ. Энэ хурлаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Я.Содбаатарыг жинхэлж, УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгээр парламентад сонгогдсон болон өөр албан тушаалд томилогдсон хүмүүсийн орны хүмүүсийг томилохоор болжээ.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан УИХ-ын дарга болсон учраас намын Ерөнхий нарийн бичгийн даргын ажлаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарт түр шилжүүлээд байсан юм. Харин Я.Содбаатарын оронд УИХ-ын дарга асан Г.Занданшатар томилогдож, ажлаа аваад буй. МАН-ын дүрмийн дагуу намын ерөнхий нарийн бичгийн дарга нь ямар нэг албан тушаал давхар хашиж болохгүй гэсэн дүрмийн заалттай ч Д.Амарбаясгаланд энэ заалт үйлчлэхгүй явсаар 2024 оны УИХ-ын сонгуульд орсон байдаг. Сонгуулийн өмнө нь Я.Содбаатарыг МАН-ын генсек болно гэх мэдээлэл улс төрийн хүрээнд өрнөж байсны дагуу ийнхүү түүнийг өнөөдөр Бага хурлаар жинхлэхээр болсон байна.
Холбоотой мэдээ