Парис-2024 зуны олимпийн нээлт долдугаар сарын 26-нд болно. Олимпийн нээлтийн ёслол Сена мөрөн дээр болох бөгөөд энэ нь төв цэнгэлдэх хүрээлэнгээс гадна наадмыг нээж буй анхны тохиолдол юм. Гэвч олон жилийн аж үйлдвэрлэл, хотжилтоос болж Сена мөрөн бохирдсон байдаг. Мөн хур бороо ихтэй үед ус зайлуулах хоолойгоор дамждаг борооны усыг цэвэршүүлэх боломжгүй болдог тул бүх муу усыг Сена мөрөн руу цуттадаг аж.
Францын эрх баригчид сүүлийн 10 жилд Парисын бохирын системийг сайжруулах, түүнчлэн шинэ ус цэвэршүүлэх, хадгалах байгууламж барих замаар голыг цэвэрлэхэд 1.4 тэрбум евро зарцуулсан.
Тэгвэл Пүрэв гаригт хийсэн шинжилгээний дүнгээр Сена мөрний усны чанар сайжирсан нь батлагджээ. Тодруулбал, Сена мөрөн дэх "E.Coli" бактерын түвшин дараалан дөрвөн өдөр зөвшөөрөгдөх хэмжээнд хүрч буурсан байна. "E.Coli" буюу ялгадас агуулагдаж буйг илтгэх уг бактерын хэмжээ өмнө нь зохимжит хэмжээнээс 10 дахин их байжээ.
Усны чанарын хоёр дахь гол хэмжүүр болох энтерококкийн нянгийн үзүүлэлтүүд ч мөн өнгөрсөн долоо хоногт мэдэгдэхүйц сайжирсан байна.
Сена мөрнийг долдугаар сарын 30-31, наймдугаар сарын 5-нд болох триатлон, наймдугаар сарын 8-9-нд болох задгай усанд сэлэлтийн тэмцээн зэрэгт ашиглахаар болжээ.
Эх сурвалж: FRANCE24
Холбоотой мэдээ