Ираны ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн санал хураалт зургадугаар сарын 28-нд болсон. Гэвч үнэмлэхүй ялагчаар тодрох хангалттай санал авсан нэр дэвшигч гараагүй тул хоёр дахь шатны сонгуулийг өнөөдөр зохион байгуулж байна. Өнөөдөр ахмад хууль тогтоогч Масуд Пезешкян, цөмийн хэлэлцээрийн төлөөлөгч асан Саид Жалили нар өрсөлдөж байна.
Саид Жалилийн хувьд Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөл дэх Дээд удирдагч Аятолла Али Хаменеигийн бие төлөөлөгчөөр ажилладаг. Тэрбээр 2007-2013 оны хооронд ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Энэ хугацаандаа Ираны төлөөлөгчдийг тэргүүлэн Тегераны цөмийн хөтөлбөрийн асуудлаар барууныхантай хэлэлцээ хийсэн ч амжилт олоогүй аж. Эхний шатны санал хураалтаар Жалили 9.5 сая санал авсан.
Харин Масуд Пезешкян нь 2008 онд парламентын гишүүн болсон бөгөөд 2016-2020 онд парламентын дэд даргаар ажиллаж байв. Иран эмэгтэйчүүдийн хижаб зүүх дүрмийн хэрэгжилтийн арга барилыг тэр төдийлөн дэмждэггүй. Гэхдээ ерөнхийлөгчөөр сонгогдвол Хаменеигийн бодлогыг баримтална гэж мэдэгджээ. Тэрбээр эхний шатанд 10.5 сая санал авчээ.
Эх сурвалж: RFERL
Холбоотой мэдээ