Нийслэлийн Засаг даргын 2024 оны А32 тоот захирамжаар энэ жил 13 байршилд замын шинэчлэлтийн ажил хийхээр төлөвлөсөн. Харин 2024 оны гуравдугаар сарын А313 тоот захирамжаар нэмээд дөрвөн байршилд шинэчлэлтийн ажлыг хийхээр болжээ. Нийтдээ энэ жил 17 байршилд шинэчлэлтийн ажил хийхээр болсон тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл баяр наадмын өдрүүдтэй холбоотойгоор нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20, 32 дугаар хороо, 22-ийн товчоо чиглэлийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж байна.
Замын хөгжлийн газрын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн Д.ГЭРЭЛТОГТОХ:
-Улсын их баяр наадмын хүрээнд Сонсголонгийн уулзвараас баруун аймгууд руу салдаг уулзвар хүртэлх 9.5 км авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил яг одоо үргэлжилж байна. Зургадугаар сарын 27-ний өдрөөс есдүгээр сарын 30 хүртэлх хугацаанд үргэлжлэхээр төлөвлөсөн. Нэгдүгээр хэсгийн ажил зургадугаар сарын 27-ноос долдугаар сарын 8 хүртэл үргэлжилнэ. Үүний хүрээнд суурь хучилт болон тэмдэг тэмдэглэгээ, замын эвдрэл зэргийг нөхөн, засварлахаар ажиллаж байна. Хоёрдугаар хэсгийн ажил улсын их баяр наадмын дараа буюу долдугаар сарын 15-наас есдүгээр сарын 30-нийг хүртэлх хугацаанд үргэлжилнэ. Энэ хугацаанд өнгө, асфальт, бетон хучилтын ажил, худгийн таг өндөрлөх, мөн шинээр ус зайлуулах шугам сүлжээ суурилуулах, хашлага солих ажлыг хийнэ. Өнөөдрийн байдлаар нэгдүгээр хэсгийн ажил 40 хувьтай явж байна" гэв.
Мөн баруун аймгууд руу салдаг уулзвараас Хүй долоон худаг, Эмээлт, Ар гүнт чиглэлийн авто замын засвар шинэчлэлт, Эмээлтээс Хүй долоон худаг чиглэлийн аюулгүйн тойрог орчмын 1.1 километр авто зам шинэчлэлтийн ажлыг долдугаар сарын 8-ны өдөр бүрэн дуусгахаар ажиллаж байгаа бөгөөд гүйцэтгэл 90 хувьтай байна.
Холбоотой мэдээ