Ардчилсан намын нарийн бичгийн дарга Н.Гансүхээс хамтарсан Засгийн газрын талаарх байр суурийг нь тодрууллаа.
Тэрбээр "Ардчилсан намын Улс төрийн зөвлөл өчигдөр шуурхай хуралдсан. Ардчилсан нам дарга төвтэй нам биш. Гишүүд төвтэй нам учраас олуулаа ярилцаж шийдвэр гаргадаг. Үндэсний бодлогын хороо хуралдах боломжгүй үед Улс төрийн зөвлөл орлож шийдвэр гаргах бүрэн эрхтэй. Тийм учраас намын дээд байгууллагаараа шийдээд явж байна. Хувь хүнийхээ хувьд Ардчилсан нам энэ Засгийн газарт орох ёстой. Орохдоо хяналтын Засгийн газрыг байгуулах шаардлагатай. Энэ удаагийн Засгийн газар зөвшилцлийн засаг биш. Ардчилсан нам нийт сонгогчдын 30.1 хувийн саналыг авсан. МАН нийт сонгогчдын 35 хувийн саналыг авсан. Тэгэхээр нийт саналаа өгсөн хүмүүсийн 3/1 МАН-ыг, 3/1 нь АН-ыг, үлдсэн нэг хувь нь бусад намыг дэмжсэн байна. Өөрөөр хэлбэл, 2.2 сая сонгогчдын 1.4 сая нь хоёр том намдаа саналаа өгсөн байна. Мэдээж, эрх баригч нам 50 хувиас дээш санал авч, засаг байгуулах бүрэн эрхтэй.
Гэхдээ Ардчилсан нам парламентад 42 суудал авч, нийт 33.3 хувийг эзэлж байгаа учраас Ардчилсан нам засагт орсон, эс орсноос үл хамаарч засагт хяналт тавьж огцруулах бүрэн эрх байгаа. Бид Үндсэн хуулийн өөрчлөлт юу болсныг харах хэрэгтэй.
Өнгөрсөн найман удаагийн УИХ-ын сонгуулиар парламент бүрдүүлэхдээ эрх баригч нэг нам, сөрөг хүчинтэй, гуравдагч намгүй, бие даагч 1-2 хүнтэй байсан. Өнөөдөр МАН дангаараа засаг байгуулах боломжтой хэдий ч парламентад 4-5 намын төлөөлөл орж, хэлэлцүүлэг өрнүүлэх олон УИХ-ын гишүүнтэй болж байгаа. Хоёрт, Ардчилсан нам засагт орно гэдэг зөвхөн сандал ширээ, найман сайдын суудал биш.
Төрийн өмчит 300 компани, төрийн албаны 220 мянган албаны тодорхой хувьд нь АН-ын гишүүд очих ёстой. Очих очихдоо хяналтын шатан дээр нь очих ёстой. Ингэж байж УИХ болон Засгийн газарт хяналт тавьж чадна. Сөрөг хүчин хийнэ гээд жагсч, хурлаа хаяж явах, попрохыг хэлэхгүй.
Сөрөг хүчин МАН-тай хамтарч, мөрийн хөтөлбөрөө ярилцана. Мөн Засгийн газрын 100 хоногт юу хийхээ тогтох ёстой. Үүний дараа хийх ажил дээр нь хүмүүсээ ярих ёстой. Хэлбэр бус агуулга талаас нь хараасай. Нийлж хулгай хийх үү, ажил хийх үү гэдгээ ялгах хэрэгтэй. Парламент 126 гишүүнтэй болсон учраас мэргэшүүлж, хяналт тавих хэрэгтэй" гэв.
Холбоотой мэдээ