Ардчилсан намын дарга Л.Гантөмөрөөс хамтарсан Засгийн газар байгуулахаар болсон талаар тодруулж байна.
Тэрбээр, АН эрх барих гэж сонгуульд өрсөлдсөн. 430 мянган хүн биднийг асуудал шийдээрэй гэж санал өгсөн. Одоо шийдвэрлэх асуудлуудын талаар хэлэлцэх гэж байна. Засгийн газарт АН нэгдэхгүй. Хамтарна гэдэг бол зөвшилцөл. Одоо бол хэн хэнийг сайд болгох талаар биш ямар ажил хийх талаараа ярих гэж байна.
МАН-ын даргатай өнөөдөр уулзаж, зөвшилцөнө.
Би сайд болох эсэх бол 10 дахь асуудал. Жагсаалтын хүмүүсийг сайдад оруулах эсэх талаар яриагүй. Хийх ажлаа л эхлээд яръя гэж байгаа. Авлига хээл хахуулиас салах ямар ажлыг эхэлж хийхийг бид хэлэлцэнэ.
Сөрөг хүчний талаар би намын дарга болсон цагаасаа хэлж байгаа. АН нийгэмд бугширсан асуудлыг шийдвэрлэх чадвартай улс төрийн хүчин байх ёстой. Түүнээс биш хүн муулж, бойкотлоод, улс төрийн хүчнийг уруу татаад сууж байх ёсгүй. Нийгэм ядуурлаас гарч, хэвлэлийн эрх чөлөө Монголд тогтох ёстой. Уламжлалт ойлголтыг болих цаг болсон. Би сонгуулийн хугацаанд ганц л зүйл хүссэн. Ажил хийх цаг хугацаа хэрэгтэй. Сонгуулийн бугшсан асуудлууд, уламжлалт ойлголт явсаар сумын Засаг даргын аминд хүрсэн асуудал үүссэн. Ингэж Монголыг талцуулж, хувааж, намчирхаж явж болохгүй.
Бид хамтарч ажиллах хэлэлцээрийн хамгийн эхэнд улс төрийн намаар ялгаварлан гадуурхахгүй байхыг шаардана.
Улс төрийн намаар ялгаварлан гадуурхдаг үзлийг зогсоох ёстой. Тэгэхгүй бол АН–ын гишүүн гэхээр үр хүүхэд нь ажилд орж чаддаггүй, удмаараа үзэн ядагддаг. Улсаа л авч үлдэх асуудлуудыг зөвшилцөнө. Улс орноо авч үлдэх дээр ойлголцож тохиролцвол АН урагшаа хараад л явна. Боломж байхгүй гэвэл боломжгүй л гэсэн үг.
АН мөрийн хөтөлбөрийнхөө ялгамжтай байдлыг гаргаж байна. Жишээлбэл, бидний хийх 900 ажлын 200 нь МАН-ын мөрийн хөтөлбөртэй давхацсан. Бид нэг монголчууд. Монголчуудын асуудал нэг байх ёстой.
Өнөөдөр төрөөс хамааралтай байгаа 315 мянга гаруй хүний тухай яриа байна. Эдгээр алба хаагчдыг 150 мянга болгоно. Мөн төрийн албаны үнэлэмжийг өргөнө. Хамгийн гол зүйл бол хүний нөөцийн асуудал.
Холбоотой мэдээ