"Аялал амиа алдахын төлөөх уралдаан биш"

Хуучирсан мэдээ: 2024.07.05-нд нийтлэгдсэн

"Аялал амиа алдахын төлөөх уралдаан биш"

"Аялал амиа алдахын төлөөх уралдаан биш"

Байгаль орчин, аялал жуулчлалын яам /БОАЖЯ/, Аялал жуулчлалын холбоодтой хамтран “Дотоодын аялагчид наадмаар хаашаа аялж байгаа талаар судалгаа"-ны үр дүнг өнөөдөр /2024.07.05/ танилцууллаа.


Улаанбаатар аялал жуулчлалын холбооны судлаач, Отгонтэнгэр их сургуулийн аялал жуулчлалын багш Б.ЕРБАХЫТ:

-“Улаанбаатар Аялал жуулчлалын холбоо” НҮТББ-аас 2019 оноос хойш дотоодын аялагчдын зорих газар буюу жилийн аль улиралд, Монгол орны аль бүсээр хэдэн мянган дотоодын аялагч аялж байгааг тогтоох, тооцоолох судалгааг хийж байна. Энэ жилийн судалгааг “Улаанбаатар трэвел экспо-2024” үзэсгэлэнгийн үеэр явуулсан. Судалгаанд оролцогчдын 45 хувь нь машинтай аялал, 36 хувь нь төрөл бүрийн адал явдалт аялал, 15 хувь нь морин аяллыг сонгоно гэж хариулжээ.

2023 онд судалгаанд оролцогчдын 70 хувь нь автомашинтай аяллыг сонгоно гэж хариулж байсан бол 2024 онд багасч, 45 хувь болсон байна. Сүүлийн жилүүдэд төрөл бүрийн адал явдалт аяллыг сонирхдог дотоодын жуулчдын тоо нэмэгдэх хандлагатай болсон. Дотоодын жуулчдын тухайд автомашинтай аяллаас татгалзаж, төрөл бүрийн адал явдалт аяллыг сонирхох болсон нь бизнес эрхлэгчид шинэ аяллын төрлүүдийг санаачилж хэрэгжүүлэх шаардлагатай болсныг харуулж байна.

            Аяллын хугацааны хувьд нийт аялагчдын 43.5 хувь нь 7-10 хоног, 27.5 хувь нь 11-15 хоног аялах төлөвтэй байна.

Гэвч бүх нийтийн амралтын хоног зургаан өдөр байгаатай уялдуулан тооцоолол хийж үзэхэд, нийт жуулчдын 47.1 хувь нь 4-6 хоног, 29 хувь нь 7-10 хоног аялах прогноз харагдаж байна. Хамт аялах хүмүүсийн судалгаагаар 49 хувь нь гэр бүлээрээ, 29 хувь нь найз нөхдөөрөө, таван хувь нь байгууллагаараа, таван хувь нь ганцаараа, таван хувь нь танихгүй групптэй, таван хувь нь аяллын клубаар дамжуулан аялна гэж хариулжээ.

Сүүлийн жилүүдэд найз нөхдөөрөө аялах хүмүүсийн тоо багасч байна.

Мөн гэр бүлээрээ аялах сонирхолтой хүмүүсийн тоо багасч байна. Харин эсрэгээрээ танихгүй хүмүүстэй групп болж аялах, ганцаарчлан аялах, аяллын клубээрээ аялах хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Аялалд зарцуулах мөнгөн дүнг харвал 24.7 хувь нь аялалд 1.0-1.2 сая төгрөг, 15.8 хувь нь 1.3-1.5 сая, 19 хувь нь 2.5 саяас дээш төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Аялалд зарцуулагдах мөнгөн дүн жил ирэх тусам нэмэгдэж байна.  

Улаанбаатар хотоос гарах дотоодын аялагчдын тоог асуулга дахь сонгосон бүс нутаг, нөлөөлөх хүчин зүйлстэй харгалзуулан тооцоолол хийхэд долдугаар сард Улаанбаатар хотоос хөдөө орон нутагруу  1.1-1.2 сая аялагч зорих тооцоолол харагдаж байна.

Үүнээс: 

  • 283-314 мянга нь Архангай, Өвөрхангай аймаг руу,
  • 171-190 мянга нь Хөвсгөл аймгаар,
  • 95-105 мянга нь Булган, Сэлэнгэ аймгаар,
  • 114-127 мянга нь зүүн аймгуудаар,
  • 78-87 мянга нь Говийн аймгаар аялах дүр зураг харагдаж байна.

Долдугаар сарын турш 147-164 мянган жуулчин Завхан аймгаар аялах ба үүнээс 27-30 мянга нь Увс аймгийг зорино гэсэн тооцоолол мөн гарсан. Учир нь Завхан аймгийн 10 сумын, Увс аймгийн зургаан сумын тэгш ой тохиож байна. Мөн Говь-Алтай аймгийн 16 сумын, Баянхонгор аймгийн долоон сумын тэгш ой тохиож байгаа нь долдугаар сарын сүүлээр, наймдугаар сарын эхээр Улаанбаатар хотоос тодорхой тооны жуулчид тухайн бүс нутгийг зорих шалтгаан болно гэж таамаглаж байна. Ингэснээр сарын турш эдгээр аймгуудад 82-91 мянга хүрэх тооцоолол гарлаа. Covid-19-ийн жилүүдэд Баян-Өлгий аймаг, Алтай Таванбогд руу зорих жуулчдын тоо өсч, 2022 онд 53 мянга хүрч байсан бол энэ жил багасч, Ховд, Баян-Өлгийгөөр аялах жуулчдын тоо 26-29 мянга орчим байх төлөвтэй байна.

Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Э.ЦОМОРЛИГ:

-Наадмын дараах амралтын өдрүүдэд хөдөө орон нутгийг зорих жуулчдын нөлөөгөөр олон сөрөг асуудлууд үүсдэг. Энэ сөрөг нөлөөллүүд үйлчилгээний байгууллагуудын ачаалал хэт ихсэх, үнийн хөөрөгдөл бий болох, байгальд хэт их хог хаягдал үүсэх зэргээр илэрдэг. Хамгийн харамсалтай нь. өнгөрсөн жил Тээврийн цагдаагийн албанаас гаргасан мэдээлэлд “Зам, тээврийн ослын шинжтэй 972 дуудлага, мэдээлэл, зам, тээврийн осол 408 бүртгэгдсэн, Зам тээврийн ослын улмаас 15 иргэн алдаж, 70 хүн гэмтсэн” гэсэн харамсалтай тоо баримт дурьдагддаг. Иймээс мэргэжлийн байгууллагуудаас Аялагчдад зориулсан хоёр зөвлөмжийг хүргүүлж байна.

  • Наадмын дараа хотоос гарах 245 мянган машин дунд янз бүрийн жолооч нар явж байгаа. Иймд хүн бүр “Аз жаргалтай эхэлсэн аялал, аз жаргалтайгаар дуусах ёстой, хэний ч хайртай нэгэн эрсдэлд орж, хар дурсамжтай буцаж ирэх ёсгүй” гэдэг үгийг алхам тутамд санаж, аюулгүй байдлаа хангаж байхыг зөвлөж байна.
  • Мянган километр давхиж очоод, 2-3 хоног архиддаг байдал “аялал” биш “хожмын нөхөж баршгүй зовлон” болдог учир хоол хүнсний аюулгүй байдалдаа анхаарахыг зөвлөж байна.

Дотоодын аялал жуулчлал "амь насаа алдахын төлөө уралддаг уралдааны талбар" баймааргүй байна гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж