Нэмэлт 15:30
Хөдөлмөрийн нам үнэмлэхүй ялалт байгуулснаар Кейр Стармер Их Британийн ерөнхий сайд болж байна. Тэрбээр 61 настай. Стармер хэдэн цагийн дотор Букингемийн ордонд зочилж, хаан III Чарльзтай уулзан, ерөнхий сайдын албан тушаалаа эхлүүлнэ. Ялалтаа тэмдэглэн үг хэлэхдээ Стармер "Өөрчлөлт одоо эхэлж байна" гэжээ.
Стармер болон түүний зүүн төвийн нам Их Британийн эдийн засгийн хүндрэл, амьжиргааны өртгийн хямралыг шийдвэрлэнэ гэж амлаж буй. Мөн Украинд цэргийн болон дипломат дэмжлэг үзүүлэх засгийн газрын бодлогоос хол тасрахгүй гэдгээ илэрхийлжээ.
Их Британийн парламентын сонгууль өчигдөр /2024.07.04/ болсон. Одоогоор санал хураалтын үр дүнг хараахан бүрэн тоолж дуусаагүй байна. Их Британийн сонгуулийг таван жил тутамд явуулдаг бөгөөд парламентын доод танхимын 650 суудлын төлөө өрсөлддөг. Сонгуулийн дүнгээр олонхын суудал авсан нам засгийн газрыг байгуулах эрхтэй болно.
"BBC" агентлагт мэдээлснээр Хөдөлмөрийн нам үнэмлэхүй ялалт байгуулах магадлал өндөр байгаа аж. Санал асуулгад үндэслэсэн таамаг үнэн бол Кейр Стармерын зүүн төвийн нам засгийн эрхэнд эргэн ирэхээр байна. Ерөнхий прокурор, хүний эрхийн хуульч асан Кейр Стармерын хувьд 2015 онд парламентад орж иржээ. Хөдөлмөрийн нам ялалт байгуулбал тэр Риши Сунакийн халааг авч, ерөнхий сайд болно гэсэн үг.
Консерватив засгийн газар 2010 оноос хойш засгийн эрх барьж байна. Тус намын 14 жилийн засаглалыг Хөдөлмөрийн нам унагаж магадгүй байна.
Нийт 650 суудлаас Хөдөлмөрийн нам 410, одоогийн эрх баригч Консерватив нам 131, Либерал ардчилсан нам 61, Шинэчлэлийн Их Британи нам 13 суудал тус тус авсан урьдчилсан дүн гарчээ. Үлдсэн суудлыг бусад жижиг нам болон бие даагчид авсан байна.
Сонгуулийн үр дүнгээр илт олонхийн санал авсан тохиолдолд тухайн ялалт байгуулсан намын дарга шууд ерөнхий сайдын албан тушаалд очдог. АНУ-ынх шиг шилжилтийн үе гэж байдаггүй. Ерөнхий сайд солигдвол одоогийн ерөнхий сайд Даунинг Стритийг нэн даруй орхих ёстой. Их Британийн улс төрийг энэ тал дээр харгис гэж үздэг.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ