Шинэ Зуун мод хотыг 2040 онд цогцлооно

Хуучирсан мэдээ: 2024.07.05-нд нийтлэгдсэн

Шинэ Зуун мод хотыг 2040 онд цогцлооно

Шинэ Зуун мод хотыг 2040 онд цогцлооно

Улаанбаатар хотын хүн ам 2040 онд 2,248,000-д хүрэх тооцоо гарсан тул 440,000 иргэнийг дагуул хот буюу шинэ Зуун мод хотод суурьшуулах төлөвлөгөөг төр барьж байна.

Шинэ Зуун мод хотыг Богдхан уулын баруун урд, Төв аймгийн Сэргэлэн, Алтанбулаг сумын нутаг дэвсгэрийн 31 мянган га газарт байгуулахаар төлөвлөсөн.

2040 онд бүх л ажил хийгдэж, Засгийн газар яам, агентлагуудынхаа хамтаар нүүж очсон байхаар зураглаад буй.

Нийслэлээс Засгийн газрыг нүүлгэх шийдвэр гарсан нь төвлөрлийг сааруулах, Их тойруу дахь төрийнхний эрх мэдлийг задлах зорилготой. Гэвч энэ ажил төлөвлөснөөр хэрэгжиж чадах уу гэдэгт олон хүн эргэлзэх болсон.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газрын харьяа байгууллагуудыг нүүлгэнэ. Ер нь 86 га газар манай Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар нь нэг байшинд байдаг улс маш цөөхөн. Эрх мэдэл бүхэн салангид байх ёстой.

Манайх шиг нэг дороо энэ бүх институц нь байдаг улс байхгүй. Тиймээс задлах ёстой. Парламент 126 гишүүнтэй болж байгаа учраас энэ ордон парламентын ордон болж үлдэнэ. Засгийн газар Төв аймгийн нутаг дэвсгэр дээр биш Богдхан уулын цаана байгаа Номтын аманд очно. Номтын амыг хотын төвтэй тунелээр холбоно. Тэнд орон сууцны хорооллуудыг шинээр барьж, төрийн албан хаагчдыг суурьшуулна.  Ингэж байж бид нийслэлийн түгжрэлийг шийднэ. Өөр ямар ч гарц байхгүй” гэж мэдэгдээд буй.

Шинэ Зуун мод хотыг байгуулахтай холбоотойгоор дэд бүтцийн ажлууд хийгдэж эхэлсэн юм.

Тухайлбал, тус хотыг цахилгаан эрчим хүчээр хангах найдвартай эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор Сэргэлэн дэд станцыг байгуулах ажлыг эхлүүлсэн байна. Барилга угсралтын ажил нь өнгөрсөн жил эхэлжээ. Мөн дээрх ажилтай зэрэгцээд  Төв аймгийн Сэргэлэн суманд өндөр хүчдэлийн шугам босгох ажил үргэлжилж байгаа аж. 2027 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй.

Дулааны цахилгаан станцыг барьж байгуулахад шаардлагатай хөрөнгийг 2025 оны улсын төсөвт үргэлжлүүлэн суулгана. Шинэ Зуун мод хотын ерөнхий төлөвлөгөөг баталсан 2022 оноос эхлээд өнөөдрийг хүртэлх хугацаанд 160-аад тэрбум төгрөгийн ажил хийгджээ.

Хотыг үерээс хамгаалах үерийн хамгаалалтын байгууламжуудыг байгуулж эхэлсэн бөгөөд 2026 онд гурван үе шатны үерийн хамгаалалт ажил хийгдэж дуусна.

Гол нь дэд бүтцийн ажлууд саадгүй үргэлжлэхэд 2025 оны улсын төсөвт тавих хөрөнгө оруулалтууд чухал.

УИХ-аас баталсан шинэ Зуун мод хотын 31,000 га талбайд дараах төлөвлөлтийг хийгээд байна.

  • Эдийн засгийн чөлөөт бүс
  • Олон нийт, худалдаа, үйлчилгээний бүс
  • Шинэ Зуунмод хотын төв, засаг захиргааны бүс
  • Оюутны хотхон, судалгаа шинжилгээний төв
  • Худалдаа, бөөний төв
  • Тээвэр логистик, үйлдвэрлэлийн бүс
  • Олон улсын нисэх онгоцны буудал, агаарын каргоны бүс
  • Амралт аялал жуулчлалын бүс
  • Аж ахуй, нөөц бүс гэсэн есөн бүстэй байхаар төлөвлөсөн юм.

Мөн шинэ Зуунмод хотыг иргэдэд зориулсан ногоон хөгжлийг дэмжсэн ирээдүйн хотын олон улсын концепцын дагуу нэгдсэн төлөвлөлтийн тогтолцоотойгоор байгуулахаар тусгаад буй. Тодруулбал, иргэд оршин суугаа газраасаа 20 минутад сургууль, цэцэрлэг, эмнэлэг, нийтийн тээврийн үйлчилгээний буудал, цэцэрлэгт хүрээлэн, худалдаа үйлчилгээний газарт очих “20 минутын хот” стандарт гэсэн концепцын хүрээнд төлөвлөнө.

Шинэ Зуунмод хотын удирдлага нь хотын оршин суугчдаас сонгогдсон хотын зөвлөл, захирагч болон ерөнхий архитектур, хотын хөгжлийн корпорацаас бүрдэх ба зохион байгуулалтын хувьд хороонд хуваарилагдана.

Шинэ Зуунмод хотын хөгжлийн корпорацыг Төв аймаг болон нийслэл хамтран байгуулж, хотын газар хөгжүүлэлт, бизнес хөгжүүлэлтийг хариуцаж, хөрөнгө оруулагчидтай төсөл арга хэмжээг хамтран хэрэгжүүлнэ.

Шинэ Зуунмод хотын эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх, бие даан хөгжих баталгаагаар хангах нь төр, нийслэл хот, Төв аймгийн үүрэг байх бөгөөд төрөөс бүтээн байгуулалтын явцад татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх, улсын төсөвт дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг тусгаж батлах, төрийн байгууллагыг нүүлгэн шилжүүлэх зэрэгт дэмжлэг үзүүлэх зохицуулалтыг хуульд тусгасан. Мөн хот нь төсөвтөө байх тухайн хот дахь татварын орлогын 80 хувийг шинэ Зуунмод хотод, 20 хувийг нийслэл, Төв аймагт хуваарилж зарцуулахаар заасан юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж