Улсын наадам боллоо, улсын циркээ хэзээ нээх вэ?

Хуучирсан мэдээ: 2024.07.05-нд нийтлэгдсэн

Улсын наадам боллоо, улсын циркээ хэзээ нээх вэ?

Улсын наадам боллоо, улсын циркээ хэзээ нээх вэ?

Хэдхэн хоногийн дараа улсын баяр наадам боллоо. Наадмаас өмнө улсын циркийн барилгыг 2024 оны долдугаар сарын 7-нд ашиглалтад оруулна гэж төлөвлөсөн. Гэвч “АСА” циркийн захирал, Японы мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж энэ амлалтандаа хүрч, Монголын циркчид нулимстай 80 жилийн ойн баяраа нөхөн тэмдэглэж чадахгүй нь ээ.

Тэд анхнаасаа амлалтад итгээгүй.

"Даймонд цирк”-ийн үүсгэн байгуулагч Н.Дашдэндэв "Улсын циркийн барилгыг долдугаар сард бүрэн дуусгах юм уу даа. Одоо барьж дуусаагүй барилгыг нээнэ гэдэг итгэлгүй л байна. Дахиад нэг жил болох байлгүй. УИХ-ын сонгууль дуусаад л циркийн барилгын асуудлыг мартана. Сонгуулийн өмнөх сенсаци шүү дээ. Ер нь улсын циркийг сэргээн засварлаж, циркчид орон байртай болно гэсэн найдвар байхгүй болсон" гэдгийг өмнө нь хэлж байв.

Улсын циркийн барилгыг нураагаад дөрөв дэх жилтэйгээ золгож байна. Өмнө нь 2008-2020 он хүртэл циркийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байсан. Гэвч 2020 оны долдугаар сараас засварын ажил эхэлж, өнөөдрийг хүртэл дуусаагүй байгаа юм. Гэтэл нэмээд улсын циркийн урд талд 35 давхар барилга барихаар архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан гэдгийг өнгөрсөн долоо хоногт болсон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал (НИТХ)-аар албаныхан мэдээлсэн. Албаныхны тайлбарлаж буйгаар циркийн газар биш банкны газар гэдгийг онцолдог.

Тодруулбал, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны эзэмшил газар дээр оффис үйлчилгээний зориулалттай 35 давхар барилга барихаар төлөвлөжээ. Угтаа өндөр барилга барихаар төлөвлөсөн энэ газар улсын циркийн газрын нэг хэсэг.

Циркийн урд талд 35 давхар өндөр барилга баривал түүхэн дурсгалт барилгын архитектурын орон зай нь алдагдана гэдгийг судлаачид хэлж, анхааруулж байгаа. Гэвч хэн ч тоож, авч хэлэлцэлгүй өдийг хүрсэн.

“УЛСЫН ЦИРК НЬ АРХИТЕКТУР УРЛАГИЙН ӨВӨРМӨЦ БАЙГУУЛАМЖ ЮМ”

Тэртээ 1971 онд одоогийн “Аса” циркийн барилгыг Румын улсын тусламжаар барьж, ашиглалтад оруулсан түүхтэй. Монголын циркийн барилгын зураг төслийг Монгол Улсын зөвлөх архитекторч Я.Шархүү гуай хүрээ хүүхнүүдийн малгайнаас санаа авч дугуй хэлбэртэй байхаар гаргаж байсан гэдэг.

Тэрбээр “БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Д.Майдар гуай 1968 оны арванхоёрдугаар сард намайг дуудан, Улсын циркийн барилга хариуцсан архитектороор томилсон. Тухайн үед Соёлын яамны сайдаар С.Сосорбарам гуай, циркийн даргаар С.Сосор гуай нар ажиллаж байлаа. Тэр үеийн Улаанбаатар хот 180-аад мянган хүн амтай, ганц гудамжтай “Эсгий хот” нэрээсээ салаагүй байлаа. Миний бие 1968 оны эцсээр Румын улсад албан томилолтоор очиж, Бухарест хотын зураг төслийн институтын архитектор Н.Берхович тэргүүтэй мэргэжилтнүүдтэй олон удаа уулзан, Монголын циркийн барилгын зураг төслийг манай орны онцлогт тохируулан гаргасан.

Румын улсын зээлийн хөрөнгөөр Улаанбаатар хотод Улсын циркийн шинэ барилгыг барих асуудлыг хоёр тал харилцан тохиролцсон. Тэр үеийн гурван сая рубль гэдэг нь ойролцоогоор тухайн үеийн ханшаар 23.4 сая төгрөг буюу 7.4 сая ам.доллар юм болов уу.

Монгол Улсын соёл урлагийн нэгэн томоохон төрөл болох циркийн урлаг 1960-1970-аад онд хөгжлийнхөө өндөр түвшинд хүрч, дэлхийн урлагийн тавцанд зохих байр сууриа эзэлсэн байв. Монголын циркийн барилгын гадна, дотор орон зай, тоглолтын талбайн хэмжээ, диаметр нь олон улсын стандартад нийцсэн 13 метрээс багагүй, үзвэрийн танхимын өндөр нь 21 метр байхаар төлөвлөж, хийсэн. Мөн агаарт эргэх, нугарах, утас олсон дээр тэнцвэр тоглолт хийх, илбэ үзүүлэх зэрэг тоглолтод жүжигчдийн аюулгүй байдлыг хангасан архитектур урлагийн өвөрмөц байгууламж болсон” тухай ярьсан байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж