нэмэлт: 10.10 цаг
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг томилж, УИХ-ын дэд даргад Х.Булгантуяаг нэр дэвшүүлэв. Одоо УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын дэд дарга нарыг томилох юм.
УИХ-ын дэд даргад МАН-аас Х.Булгантуяа, Ардчилсан намаас Б.Пүрэвдоржийг нэр дэвшүүлсэн бөгөөд чуулганы хуралдаанаар тэднийг томилох юм. Мөн УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох юм. МАН олонхын суудал авсан учраас Засгийн газраа байгуулахаар болж, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар улиран ажиллахаар болсон. Харин Засгийн газраа бүрдүүлэхдээ АН, ХҮН намтай хамтарсан засаг байгуулах саналаа хүргүүлж, хамтрахаар болсон. Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа АН, ХҮН намтай хамтарч засгийн газраа бүтцээ тодорхой болгох юм.
УЗ: УИХ-ЫН ДЭД ДАРГАД Х.БУЛГАНТУЯА, НАМЫН БҮЛГИЙН ДАРГАД Л.МӨНХБААТАРЫГ ДЭВШҮҮЛЭВ
нэмэлт: 09.45
МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дөнгөж сая завсарласан байна. Хуралдаанаар УИХ-ын дэд даргад Х.Булгантуяа, МАН-ын бүлгийн даргад УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар нарыг дэвшүүлж, МАН-ын бүлгийн хуралдаанд танилцуулахаар болов.
Яг одоо Төрийн ордонд МАН-ын бүлэг хуралдаж байна.
МАН-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ 08.30 ЦАГТ ХУРАЛДАНА
МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2024.07.05/ 08.30 цагт Төрийн ордонд хуралдана. Хуралдаанаар Ардчилсан нам, ХҮН намаас ирүүлсэн хамтарсан Засгийн газарт ажиллах саналын талаар болон Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, ямар ямар яамыг АН-д, ХҮН-д өгөх зэргээр асуудлыг эцэслэх юм байна.
МАН-аас Ардчилсан намд хамтарсан Засгийн газарт ажиллах санал хүргүүлсэн бөгөөд Ардчилсан намын Улс төрийн зөвлөл өчигдөр хуралдаж, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, улс орны хөгжлийн бодлогын төлөө хамтарч ажиллах саналд нэгдсэн юм. Харин ямар яамдыг АН хариуцах талаараа эцэслээгүй. Гэхдээ Ардчилсан намын зүгээс ямар нэг салбар яам хариуцуулж байгаа бол яамны удирдлагын багийг нь багаар нь томилоуулах санал гаргасан байна. Ажил явуулахын тулд нэг яамны удирдлагыг нэг намд өгөх нь ажил урагшлах боломжтой гэсэн санал гаргасан бол зарим гишүүдийн зүгээс АН засагт хамтрахгүй сөрөг хүчнээ хийгээд явсан дээр гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа юм.
Мөн МАН-аас ХҮН намд Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлсэн бөгөөд нэг сайдын суудал өгнө гэх албан бус тохироо хийсэн гэх. Тус намын Удирдах зөвлөл мөн хуралдаж, Засгийн газарт хамтрах нь зүйтэй гэсэн саналыг гаргажээ.
Тиймээс МАН-ын Удирдах зөвлөл АН, ХҮН намаас ирсэн саналуудыг нэгтгэж, Засгийн газрын бүтцээ баталж, УИХ-ын чуулганы хуралдаанаар шинэ Засгийн газрын сайд нар тангараг өргөх зохицуулалттай.
Т.ОД
Холбоотой мэдээ