Том бизнесүүдийн УИХ дахь "хамгаалагчид"-I

Хуучирсан мэдээ: 2024.07.05-нд нийтлэгдсэн

Том бизнесүүдийн УИХ дахь "хамгаалагчид"-I

Том бизнесүүдийн УИХ дахь "хамгаалагчид"-I

Энэ удаагийн парламентад анх удаа 126 гишүүнийг иргэд төлөөлөгчөөр сонгож, шинэхэн гишүүд тангаргаа өргөөд цөөн хонож буй. Холомог тогтолцоогоор бүрдсэн УИХ-ын гишүүдийн 100 гаруй нь тэрбумтан бөгөөд, хөрөнгө орлогын мэдүүлэгтэй энд дарж танилцах боломжтой. Тэгвэл тэрбумтан гишүүдийн зарим нь томоохон бизнесүүдтэй хамаарал бүхий болон эзэмшдэг гэдгээ Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдээлсэн. Хэн, хэн, ямар томоохон бизнесийн эрх ашигт хамаарч байгааг нэгтгэн хүргэж байна. 


31 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ ГРУППИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД

Эрчим хүчний зөвлөгөө өгөх чиглэлээр 1993 онд үүсгэн байгуулагдсан М-Си-Эс компани өдгөө Монголын олон салбарт толгойлж буй. Өдөрт 2.6 тэрбум, сард 80 гаруй тэрбум төгрөгийн татвар, шимтгэлийг улсын төсөвт төвлөрүүлдэг тус компани 13 мянга гаруй ажилтантай. Энэ группийн нэртэй салшгүй холбоотой явдаг хүмүүс бол УИХ-ын гишүүн, Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, М банкны гүйцэтгэх захирал Л.Соронзонболд, тус группийн дэд ерөнхийлөгч, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч асан Д.Энхтүвшин нар.

Ямартай ч толгой баян компанийн төлөөллүүд энэ удаагийн сонгуулиас мултраагүй.

Л.Энх-Амгалангийн тухайд УИХ-ын сонгуулийн дөрөвдүгээр тойрог буюу Хөвсгөл, Орхон, Булганы найман мандатад өрсөлдөж, олонхийн саналыг авч чадсан. Түүний хувьд өнгөрсөн өнгөрсөн 2022 онд Хөгжлийн банкнаас чанаргүй зээл авсан зээлдэгч нарын асуудал яригдаж байх үед тэрбээр чанаргүй зээлтэй огт холбоогүй, иргэдийнхээ өмнө итгэлтэй алхдаг хэмээн олны анхааралд цэг тавьсан байдаг.

Харин М банкны гүйцэтгэх захирал Л.Соронзонболдын хувьд зургадугаар тойрог буюу Дорнод, Сүхбаатарт, Хэнтийд өрсөлдөж долоон мандатын нэгийг авсан. М банк нь MCS-ийн охин компани. Тодруулбал, Ж.Оджаргалын төрсөн эгчийн хүү Б.Тэмүүлэнгийн үүсгэн байгуулсан банк. Энэ удаад М Си Эс групп тойрогт Л.Соронзонболд, “Жет скүүтер”-ийн Г.Дашням, жагсаалтад МҮХАҮТ-ийн дарга Д.Энхтүвшин нарын шинэ төлөөллүүдээ илгээсэн билээ. Л.Соронзонболд олонд танигдахдаа шуугиант хэрэгт холбогдсон байдаг. Тухайлбал, дуулиант нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдож анх олонд танигдсан. МАН-ын Шинэчлэлийн хорооны гишүүн тэрбээр өдгөө нүүрсний хэргээр ял эдэлж буй экс гишүүн Т.Аюурсайханд багагүй хэмжээний мөнгө өгсөнтэй холбоотой гэрчээр дуудагдаж байсан юм.

Тус группийн дараагийн төлөөлөл бол МАН-ын жагсаалтын есөд бичигдсэн МҮХАТ-ын ерөнхийлөгч асан шарк Д.Энхтүвшин. Түүний хувьд 1997-2021 онд М-Си-Эс группийн Санхүүгийн шинжээч, санхүү хариуцсан захирал, дэд ерөнхийлөгчөөр 2008-2014 Mongolian Mining Corporation хувьцаат компанийн борлуулалт, стратеги хариуцсан захирлаар, 2023-2024 онд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Тодотгол нь мөн л М Си Эс групптэй гүн холбоотой.

АПУ-Г "ТӨЛӨӨЛӨХ" 3

Монгол Улсын хүнсний үйлдвэрлэлийн 100 жилийн түүхт ууган үйлдвэрийн төлөөллүүд ч энэ удаагийн УИХ-д сонгогдсон. Тэд бол УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Б.Түвшин, П.Батчимэг нар.

"Улаан бал" нэвтрүүлгийн хөтлөгч Ч.Лодойсамбуугийн хувьд АН-аас Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж, сонгогдсон. Ч.Лодойсамбуугийн хувьд АПУ-ийн эзэмшлийн NTV телевизэд ажиллаж байсан бөгөөд улс төрийн хүрээнд энэ удаагийн сонгуулийн зардал болоод бүх талын дэмжлэгийг АПУ гаргасан гэх яриа бий. Тиймээс олон нийт түүнийг АПУ-г "төлөөлөх" хүн гэж ойлгож  байж болох. Тэрбээр "Үндэсний баялгийн сангийн хууль, хэвлэлийнхэнтэй харилцаж байгаа байдал, хэвлэлээр тарааж байгаа хар пиарыг хараад би сонголтоо хийхээр шийдсэн. Энэ бол ардчиллыг хамгаалах сүүлийн сонгууль. МАН их мөнгөтэй байна. Тавьж байгаа хоригууд нь аймаар байна.  Нэг талаар гишүүдийн тоог 126 болгосон нь залуучуудад боломж олгож байна. Нөгөө талаар сонгуулийн тойргийг томсгосон нь мөнгөтэй, олон танил хүнд ашигтай тусч байна. Жагсаалт бол намын нүүр царай, шошго. Намын нүүр царай бодож жагсаалтыг өрөхөд хэцүү. Энэ нам таван намын нэгдэл. Эсрэг тэсрэг байр суурь гарна. Энэ бүх нэгдэж, нийлсэн хүмүүсийн тодорхой хүслийг биелүүлэхээс аргагүй. "Херо" энтертаймент баахан гүтгэлэг тараагаад АН болохгүй байгаа мэт харагдуулдаг. Гэхдээ АН бол хагаралдаагүй" гэж байв.

Дараагийн төлөөлөгч бол хоёрдугаар тойрог, Ховд, Говь-Алтай, Завхан, Увсын баруун бүсээс гишүүн болсон Б.Түвшин. Мөн л АН-ын төлөөлөл тэрбээр, АПУ компанийн банк бус санхүүгийн байгууллагыг олон жил удирдаж ирсэн бөгөөд түүнийг улс төрийн хүрээнд ч АПУ-ийн хүн гэдэг.

Жагсаалтаар гарсан АПУ-гийн төлөөллийн нэг нь П.Баттчимэг. АН-ын жагсаалтын 12-рт бичигдсэн тэрбээр 6.9 тэрбумаар үнэлэгдэх хөрөнгө орлоготой. АПУ-г үүсгэн байгуулагчдын нэг юм.

ТЭСОГИЙН ТЭРГҮҮН ТӨЛӨӨЛӨГЧ 

УИХ-ын 2020 оны сонгуулиар тойрогтоо хамгийн их санал авч нэгээр гарсан О.Цогтгэрэл энэ удаагийн сонгуульд ч булган сүүлтэйгээр УИХ-ын гишүүн болсон. "Тэсо" группээр овоглодог тэргүүн төлөөлөгч О.Цогтгэрэл нь ийнхүү хоёр дахь удаагаа нийтийн болоод бизнесийнхээ эрх ашгийг хамгаалахаар төрд төлөөлөх нь.

О.Цогтгэрэлийн тухайд 7.7 тэрбум төгрөгийн хөрөнгө, орлоготой.

УИХ-ын хоёрдугаар тойрог буюу Ховд, Говь-Алтай, Завхан, Увсад хоёроор сонгогдсон юм.

МӨНХИЙН ҮСГИЙН БОСС ХАТАГТАЙ Б.БАТЦЭЦЭГ

Мөнхийн үсэг, Монгол үнэт цаас, хэвлэл, Аз хур гэх гурван том компанийн хувь эзмшдэг УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг. Мөнхийн үсэг ХХК-ийн хувьд түүний нөхөр Д.Ганбат болон Б.Сэргэлэн, Б.Лхагвадорж, Б.Ганболд нар түүнтэй хамтран хувь эзэмшдэг. Б.Батцэцэгийн хувьд мөн Аз хур компанийн эцсийн өмчлөгч. Хэвлэлийн салбарт тэргүүлэгч тэрбээр тусгай, онцгой зорилулалттай хэвлэх ажлуудыг дангаар хариуцдаг Монгол үнэт цаас, хэвлэл компанийг ч төлөөлдөг.

Сонирхуулахад, Мөнхийн үсэг компани сонгуулийн санал авах тусгай тэмдэгт бүхий хуудас хэвлэдэг ганц эрх бүхий байгууллага.

Мөн Монголын үнэт цаас, хэвлэлийн тухайд Татварын ерөнхий газраас зарласан Үнэт цаас буюу Олон улсын стандартад нийцсэн дахин давтагдашгүй, цахим өгөгдөл бүхий кодтой, технологийн нууцлал бүхий согтууруулах ундаа, тамхины онцгой албан татварын тэмдэг хэвлэн нийлүүлэх, согтууруулах ундааны онцгой албан татварын тэмдэг хэвлэх, тамхины онцгой албан татварын тэмдэг хэвлэх зэрэг өндөр дүнтэй тендерүүдэд өрсөлдөгчгүй шалгарч ирсэн байдаг.

ОЛОН, ОЛОН ОХИН КОМПАНИТАЙ НЬЮ ПРОГРЕССЫН ЭЗЭН

2000 онд дэд бүтэц, бүтээн байгуулалтын салбарт үйл ажиллагаа явуулахаар үндэс сууриа тавьж, одоо тансаг, өндөр, дундаж зэрэглэлийн орон сууц,  үйлдвэрийн барилг, эрчим хүчний барилга угсралт, хүнд болон хөнгөн үйлдвэрлэл, газрын тосны бөөний болон жижиглэнгийн худалдаа зэрэг дэд бүтцээс гадна хүнсний үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж буй Нью прогресс группийн эзэн С.Бямбацогт. Тус групп олон салбар, чиглэлд үйл ажиллагаа явуулдаг 10-аад охин компанитай, 1500 гаруй ажилтантай үндэсний томоохон бүтээн байгуулагч гэгддэг.

Түүний хувьд гэр бүлийн бизнестэйгээс гадна төрөл төрөгсөд нь ч биизнесийн салбарт байр сууриа эзэлсэн хүмүүс.

40 ГАРУЙ КОМПАНИД ХУВЬ ЭЗЭМШДЭГ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД

Хурд группийн толгойлогч Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн энэ удаагийн гишүүдээс хамгийн олон компанид хувь эзэмшдэг нь. Тодруулбал, УИХ-д гурав дахь удаагаа баруун аймгуудаас нэр дэвшиж сонгогдсон тэрбээр бизнесийн салбарыг эрхгүй төлөөлж байгаа юм.

Б.Чойжилсүрэнгийн тухайд 2018 онд 30 компанитай байсан бол 2022 оны байдлаар 43 компани эзэмшиж байна.

Тухайлбал, Жи Эйр Эл Колорс, Хаус Инвест Колорс, Жи Эйр Эл Пропертиз, Хаус Инвест Гранд, Жи Эйр Эл Девелопмент, Жи Эйр Эл Экспресс, Жи Эйр Эл Констракшин, Жи Эйр Эл Автомотив, Цэнхэр гантиг зэрэг 43 компанид тэрбээр хамаардаг.

ХУВЬ ЭЗЭМШДЭГ ОЛОН КОМПАНИТАЙ Ч ХОМ НЬ ДАРУУ Х.БАТТУЛГА

Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хөрөнгө орлогын мэдүүлэг нь даруухан ч 18 компанид их, бага хувь эзмшдэг. Аялал жуулчлалын салбарт тэргүүлдэг хэд хэдэн компанид нэр холбоотой түүний хувьд 20 орчим компанид хамааралтай. Тухайлбал, Баялгийн хувь, Женко тур бюро, Женко тур бюро, ХИД, Вэбсофт, Талх чихэр, Баянгол зочид буудал, Ай номадик, Өүпэн спейс, Женко тур бюро, Мах импекс, Баян-Исгрийт ХХК, Наран баянбүрд Хоршоо, Эрднэс таван толгой, Түмэнхишигтэн, Кинисмос, Их Монгол Чага интернэшнл, Дархан нэхий ХК зэрэг компаниудад хувьцаа эзэмшдэг.

Түүний тухайд энэ удаагийн сонгуульд УИХ-ын дөрөвдүгээр тойрог буюу Хөвсгөл, Орхон, Булганы найман мандаттай тойргоос нэгээр гарсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж