Нэмэлт 21:30
АН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүн Н.Тэгшбаяраас байр суурийг нь тодрууллаа.
-МАН-ын зүгээс засагт хамтрах санал тавьсан. АН-ын Улс төрийн зөвлөл одоо ид хуралдаж байна. Бид нар МАН-тай албан тушаал огт яриагүй. Бодлого мөрийн хөтөлбөрөө яаж хэрэгжүүлэх юм бэ, гадаад харилцаанд яаж хамтрах юм бэ, эдийн засгийн асуудлуудаа яаж шийдвэрлэх вэ, төсөл хөтөлбөрүүдийг хэрхэн хөдөлгөх юм бэ гэдэг дээр ярилцаж байна. Манай намын гишүүд янз бүрийн байр суурийг илэрхийлж байгаа. Ардчилсан нам бол улс төрийн хоёр том намын нэг. Сонгуулиар манай нам саналаа өгсөн 400 мянган хүн бол засаг бариасай, эдийн засаг, эрчим хүчний асуудлыг шийдвэрлээсэй, Монголд бүтээн байгуулалт явуулсай гэсэндээ Ардчилсан намд саналаа өгсөн гэж ойлгож байна.
Улс төрийн зөвлөлийн гишүүн хуралдаж байна. Улс төрийн намын зөвлөл одоогоор бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж байна.
Нэмэлт: 20:40 цаг
Ардчилсан намын Улс төрийн зөвлөлөөс МАН-тай хамтарч, эвслийн Засгийн газарт орж ажиллах шийдвэр гаргалаа. Гэхдээ ямар яам бүтэц, томилгоон дээр хамтрахаа МАН-тай ярилцаж, эцэслэх юм байна.
Улс төрийн зөвлөл нь 55 гишүүнтэйгээс өнөөдрийн хуралд 46 нь оролцож, тэдний 32 нь дэмжсэн байна.
"САЙДЫН СУУДАЛ ӨГӨӨД ХАТАВЧИНД СУУЛГАХ ГЭЖ БАЙГАА БОЛ ХАМТРАЛ БИШ"
Нэмэлт: 19:00 цаг
АН-ын Улс төрийн зөвлөлийн хурал Төрийн ордонд үргэлжилж байна. Улс төрийн зөвлөлийн гишүүд бүгд өөр өөрсдийн байр суурийг илэрхийлж, санал солилцсоны дараа олонхоороо Засгийн газарт хамтрах эсэхээ шийдэх юм.
Хуралдааны үеэр Улс төрийн зөвлөлийн гишүүн Д.МӨНХ-ЭРДЭНЭ:
-Улс төрийн зөвлөлийн хурал үргэлжилж, гишүүд саналаа хэлж байна. Хувь хүний хувьд Ардчилсан нам Засгийн газарт хамтрахгүй, МАН-д ялыг нь үүрүүлэх ёстой гэж бодож байна. Ядуурал, авлига, хэлмэгдүүлэлтийг сүүлийн найман жил засаг барьж байгаа нам хийж байгаа. Өнгөрсөн 34 жилийн дөрөвхөн жил буюу 1996-2000 онд Ардчилсан нам дангаараа засаг барьсан. Харин 2012-2016 онд Ардчилсан нам хамтарч засаг барьсан бол үлдсэн хугацаанд МАН дангаараа засаг барьсан байдаг. Гэхдээ албан тушаал горилж байгаа хүмүүс бол эх орныхоо төлөө хамтарна гэх байх. Зарим нь Ардчилсан нам ард түмний сонголтын дагуу сөрөг хүчнээ хийх ёстой гэнэ. Хамтрал гэдэг бол 2004 оных шиг МАН-ын Н.Энхбаяр УИХ-ын дарга, АН-ын Ц.Элбэгдорж Ерөнхий сайдаа хийсэн. Үүнийг хамтрал гэдэг юм. Түүнээс албан тушаалын төлөө амиа өгөхөөс буцахгүй нөхдүүдийг хатавчиндаа суулгаж, ганц нэг сайдын суудал өгөх гэж байгаа бол энэ бол хамтрал биш.
Хурал үргэлжилж байна.
Мөн Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн шийдвэрээс шалтгаалж, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан саналаа танилцуулна гэсэн мэдээлэл бий.
АН-ЫН УТЗ-ИЙН ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ
нэмэлт: 17.40 цаг
Ардчилсан намын Улс төрийн зөвлөл яг одоо Төрийн ордонд хуралдаж эхэллээ. Хуралдаанаар хамтарсан Засгийн газарт орж ажиллах эсэхээ шийдвэрлэх юм.
АН-ЫН УЛС ТӨРИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАХ ГЭЖ БАЙНА
Монгол ардын намаас өнөөдөр /2024.07.04/ Засгийн газарт хамтран ажиллах хүсэлтээ Ардчилсан намд хүргүүлжээ. Тиймээс Ардчилсан намын Улс төрийн зөвлөл яг одоо Төрийн ордонд хуралдахаар цуглаж байна. Ардчилсан намын Улс төрийн зөвлөл МАН-аас ирсэн саналын дагуу хамтарсан Засгийн газарт орох эсэх шийдвэрээ гаргах юм.
Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн хуралдаа Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, Б.Хурц, С.Эрдэнэ, С.Баярцогт, Ч.Өнөрбаяр, Э.Одбаяр, Т.Батцогт, С.Галбадрал, О.Цогтгэрэл, М.Чимэддорж, П.Батчимэг, Б.Бейсэн, З.Нарантуяа, Д.Эрдэнэбат, Б.Жаргалан, Д.Мөнх-Эрдэнэ, Д.Цогтбаатар нар ирсэн байна.

Урьдчилсан байдлаар Ардчилсан намын зүгээс хамтарсан Засгийн газарт орж ажиллах бөгөөд найман сайдын суудал санал болгосон гэсэн мэдээлэл бий. Ингэхдээ тус найман сайдад АН-ын дарга Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, О.Алтангэрэл, Х.Болормаа, А.Ганбаатар, Ж.Батсуурь, Р.Сэддорж, Р.Эрдэнбүрэн, Э.Одбаяр нарын нэрс яригдаж байгаа юм.
3,600.44





















































Холбоотой мэдээ