Шувууны ханиад дэгдсэнээс болж Австрали өндөгний хомсдолд орсон. Өндөгний хомсдолоос болоод түргэн хоолны "McDonald’s" сүлжээ хэрэглэгчид зориулсан өглөөний цайны цагаа 90 минутаар танажээ. Тодруулбал, үд дунд хүртэл үргэлжилдэг байсан цайны цаг 10:30 цагт дуусах болсон байна.
"McDonald’s" цахим хуудсаараа мэдэгдэл хийхдээ "Олон жижиглэнгийн худалдаачдын нэгэн адил бид өндөгний нийлүүлэлтийг маш нарийн зохицуулж байна. Бид Австралийн тариаланчид болон ханган нийлүүлэгчидтэй хамтран ажиллаж байна" гэв.
Австрали сүүлийн хэдэн сарын турш шувууны ханиадны тархалттай тэмцэж байна. Өвчний тархалтыг хязгаарлах зорилгоор нэг сая орчим өндөглөдөг тахиаг устгалд оруулсан аж. Австралийн супермаркетууд ч бас өндөгний хомсдолтой тэмцэхийн тулд нэг хэрэглэгчид хоёр хайрцагаас илүү өндөг олгохгүй байхаар хязгаарлалт тогтоожээ.
Одоогоор тахианы махны нийлүүлэлтэд өөрчлөлт орсон зүйлгүй байна. Австрали даяар 20 сая гаруй тахиа байгаа аж.
Эх сурвалж: NBC
Холбоотой мэдээ