Берил хар салхи Ямайкийг дайран өнгөрснөөр арлын барилгуудыг сүйтгэж, мод үндсээрээ унажээ. Берил хар салхи 215км/цагийн хурдтайгаар арлыг дайран гарсан ба одоогийн байдлаар долоон хүн нас баржээ. Хамгийн аюултай зэрэг гэгдэх дөрөвдүгээр зэргийн хар салхи болох Берил нь бүхэл бүтэн хотыг устгах чадалтай юм. Сент-Элизабет сүмийн хөдөөгийн тариалангийн нийгэмлэгийн оршин суугч хэлэхдээ, "Аймшигтай байна. Бүх зүйл байхгүй болсон. Би гэртээ байхаас ч айж байна. Энэ бол гамшиг" гэж нөхцөл байдлыг тодорхойлжээ.
Эрх баригчид орон нутгийн цагаар 06:00-18:00 цагаар хөл хорио тогтоож, хар салхины дараах аврах ажиллагаа явуулж байна. Ерөнхий сайд Эндрю Холнесс өмнө нь Берил хар салхины талаар удаа дараа анхааруулсан. Одоо нам дор газар, хөрсний гулгалт ихтэй, голын эрэг, жалгын эрэгт амьдардаг хүмүүсийг хоргодох газар эсвэл аюулгүй газар руу нүүлгэн шилжүүлэхийг уриалж байна.
Сент-Винсент ба Гренадины нэг хэсэг болох Юнион арлын 90 хувь орчим нь сүйтгэгдсэн. Орон гэргүй болсон хүмүүс хорогдох байранд толгой хорогдож байна. Ямайкийн зарим хэсэгт эрчим хүч, цахилгааны хангамж тасалдсан тул нийтийн үйлчилгээний компани ажилчдынхаа аюулгүй байдлыг хангах үүднээс зарим байршилд цахилгааны шугамыг сэргээх ажлыг түр зогсоохоос өөр аргагүй болсон гэж мэдэгдэв. Тус улсын зарим хэсэгт хур тунадас 30 см хүрч, үер, нуранги үүсч болзошгүй байгаа ба далайн түрлэгийн түвшнээс дээш 2.7 метр хүртэл хүчтэй шуурга үүсэх төлөвтэй байна. Эрх баригчид мөн хорогдох байр эсвэл аюулгүй газар байгаа иргэдээ дор хаяж 12 цаг гадагш гарахгүй байхыг уриалжээ.
Венесуэлд Берил хар салхины улмаас их хэмжээний аадар бороо орсон. Улмаар хойд нутгийн Сукре мужид гол үерлэж, гурван хүн нас барж, хэд хэдэн хүн сураггүй байна.
Засгийн газрын төлөөлөгчид эвдрэл гэмтэлтэй танилцаж байгаад унаж буй модонд дарагджээ. Ойрын өдрүүдэд Берил хар шуурга Мексикт мөн адил дэгдэх төлөвтэй байгаа тул тус улсын иргэд хүнс, эм тариагаа бэлтгэж байна.
Эх сурвалж: BBC