Дэлхийн хоёрдугаар дайны дараах, 1948 онд батлагдсан удамшлын гаралтай болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн үрийн суваг, сав боох хуулийг Японы Дээд шүүх буруутгаж байна. Тодруулбал, 1950-1990-ээд оны хооронд 16,500 хөгжлийн бэрхшээлтэй гэх иргэнийг албадан хүүхэдтэй болох боломжгүй болгосон байна. Тухайн үеийн засгийн гараас баталсан энэхүү хуулийг Дээд шүүх үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл гэж үзэн, амьд үлдсэн хохирогчдын хохирлыг барагдуулахыг засгийн газарт даалгажээ.
Олон жилийн турш үрийн суваг, сав боох хуулийг хүний эрхийн байгууллагууд буруутгаж ирсэн. Дээд шүүхийн шаардлагын дагуу анхан шатны шүүхээр хэлэлцэж байсан таван хэргийн 11 хохирогчдод засгийн газар нөхөн олговор олгоно. Анх 2019 онд амьд үлдсэн хохирогчдод нөхөн олговор олгосон байдаг. Гэхдээ анхан шатны шүүхэд хандсан 11 хохирогч нь нөхөн төлбөрийг нэмэгдүүлэхийн төлөө тэмцэж байсан юм.
Удамшлын гаралтай болон хөгжлийн бэрхшээлтэй гэх 25,000 орчим хүн дэлхийн хоёрдугаар дайны дараа хүүхэдтэй болохоос урьдчилан сэргийлэх мэс засалд орсон байдаг. Үүний 16,500 хүн нь албан хүчээр мэс засал хийлгэсэн гэдгийг Японы засгийн газар хүлээн зөвшөөрчээ.
Хэдийгээр бусад 8,500 хүн өөрсдөө зөвшөөрсний үндсэн дээр мэс засалд орсон гэж засгийн газар тайлагнасан. Гэхдээ өмгөөлөгчдийн үзэж буйгаар, тухайн 8,500 хүн дарамтад орж, зөвшөөрөл олгохоос өөр аргагүй байдалд орсон гэж мэдүүлжээ. Өнгөрсөн оны зургадугаар сард нийтэлсэн парламентын тайланд, хүүхэд төрүүлэх боломжгүй болгох хагалгаанд орсон хамгийн залуу нь есөн настай охин байжээ.
Уг хуулийг 1996 онд хүчингүй болгосон.
Дээд шүүх Лхагва гаригт мэдэгдэл хийж, хохирогчид хэдэн жилийн өмнө мэс засалд орсноос үл хамааран нөхөн олговор авах ёстой гэв. Энэхүү үр тогтоох боломжгүй болгодог хагалгаа 1960-1970 оны хооронд хамгийн их хийгдсэн учир ийн шийдвэрлэжээ. Өөрсдөө ч мэдээгүй хагалгаа хийлгэсэн хүмүүс байдаг тул 25,000 орчим гэх тоо нь улам нэмэгдэж болзошгүй гэж өмгөөлөгчид мэдэгдсэн юм. Хүчээр мэс засалд орсон хүмүүсийн ихэнх нь бие махбодын болон оюуны бэрхшээлтэй, сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай эсвэл уяман өвчин зэрэг архаг өвчтэй байжээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ