Хотын бүх удирдлагыг баривчалсан байжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.03-нд нийтлэгдсэн

Хотын бүх удирдлагыг баривчалсан байжээ

Бразиль улсын зүүн хойт хэсэгт орших Мато Гроссо до Сул мужийн хоёр дахь том хот болох Доурадосын оршин суугчид пүрэв гаригийн өглөө хотын дарга, дэд даргагүй өглөөг угтжээ. Хотын захиргааны ажлыг түр хариуцан ажиллах хүн байхгүй болсон байв. Тэд нарыг авлигын хэргээр цагдаа нар баривчилсан байжээ.
Холбооны улсын цагдаагийн газар Доурадос хотын 29 албан хаагчийг авлигын хэргээр баривчилсан тухайгаа мэдээлээд эдгээр хүмүүсийн дотор тус хотын дарга Ари Артузи, дэд дарга, Мужийн зөвлөлийн дарга, Хотын даргын албаны ерөнхий прокурор болон зөвлөлийн дарга нар, орон нутгийн бизнесменүүд оролцсон байна.
Хууль зүйн яамны мэдээлснээр хотын удирдлагыг баасан гаригт шинээр түр хугацаагаар томилох болно гэжээ.
Гэм хэрэгт сэжиглэгдсэн хүмүүсийг түр хугацаагаар, урьдчилан сэргийлэх зорилгоор баривчилсан болохыг мэдээлсэн байна. Хотын даргын нарийн бичгийн дарга, сэтгүүлч Элеандро Пассаиа хотын эрх баригчдыг авлигын сүлжээ үүсгэн байгуулсан хэрэгт буруутган, эд мөрийн баримт болгон бичлэг, видео бичлэг өгсний дараа ийнхүү баривчилгаа явуулсан ажээ.
Нарийн бичгийн дарга, сэтгүүлч Пассаиа O Globo сонинд нийтлүүлсэн мэдээндээ хотын захирагч сар бүр Хотын даргын албанд үйлчилгээ үзүүлдэг бизнесменүүдээс мөнгө хураан авч, өөрийн хамтран зүтгэгчдэд авлига болгон тараадаг байсан гэж дурдсан байна.
Сэтгүүлчийн мэдээлснээр бас баривчлагдаад байгаа хотын даргын гэргий авлигын мөнгөөр өөртөө гоо сайхны мэс засал хийлгэж байхад төлбөрийн чадваргүйгээс болоод нэгэн хүүхэд хараагүй болсныг хараад бүгдийг илчлэхээр шийдвэрлэсэн юм гэжээ.

Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж