МАН-ын Удирдах зөвлөл болон Бага хурал өнөөдөр /2024.07.04/ хуралдах төлөвтэй байна.
Энэ хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн болон АН, ХҮН намтай хамтарч Засгийн газар байгуулах асуудлыг хэлэлцэнэ.
МАН-ын удирдлагууд сайд нарынхаа тоо болон зарим яамдыг салгах, нэгтгэх зэргээр зохицуулалт хийж, Ардчилсан намд найман яам, ХҮН намд нэг сайдын суудал үлдсэнийг нь МАН-ын гишүүдээс томилохоор тохиролцсон байна.
Тухайлбал, ЗГХЭГ-ын газрын даргаар Н.Учралыг томилохоор, мөн АН-ын дарга Л.Гантөмөрт Шадар сайд, ХҮН намын дарга Т.Доржхандад Эдийн засгийн хөгжлийн сайдын суудлыг өгөхөөр тохирсон байна.
Түүнчлэн МАН-аас шинэ засагт орж ажиллах сайд нарын олонх нь Л.Оюун-Эрдэнийн өмнөх танхимын гишүүд аж. Тухайлбал, Сангийн сайд Б.Жавхлан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Хууль зүйн сайд Б.Энхбаяр, Байгаль, орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, ХХААХҮ-ийн сайдаар Ж.Бат-Эрдэнэ, Соёлын сайд Ч.Номин, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарыг улираан томилж, Засгийн газраа бүрдүүлэхээр болжээ. Шинээр Түгжрэл хариуцсан сайдаар УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Цахим хөгжлийн сайдаар Э.Батшугар нарыг томилох гэнэ.
Харин Ардчилсан намд Шадар сайд, Нийгмийн хамгааллын яам, Барилга, хот байгуулалтын сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Батлан хамгаалах яам, Эрүүл мэндийн яам, Дотоод хэргийн яам, Олимп, спортын сайд зэрэг яамыг өгөх тохироо хийгдсэн гэх мэдээлэл байна.
Ингэхдээ Шадар сайдаар Л.Гантөмөр, Эрүүл мэндийн сайдаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Батлан хамгаалахын сайдаар , Дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, Нийгмийн хамгааллын сайдаар УИХ-ын гишүүн Х.Болормаа, Олимп, спортын сайдаар А.Ганбаатар, Барилга, хот байгуулалтын сайдаар Ж.Батсуурь, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Р.Сэддорж нарын нэрс яригдаж байна.
Энэ бүхнийг МАН, АН, ХҮН намаас байгуулсан ажлын хэсэг тохирсны дараа МАН-ын Удирдах зөвлөлөөр эцэслэх юм.
Гэхдээ энэ бол яг, таг эцэслэгдээгүй нэрс. Сайд нарын нэрс өөрчлөгдөж ч мэднэ. Учир нь, сайдыг томилгоонд намууд фракцийн нам доторх фракцийн төлөөллийг хангахаас гадна намын жагсаалтаар орж ирсэн хүмүүсээс илүү тойрогт нэр дэвшиж сонгогдсон гишүүдээс сайд томилохоор намууд тохирсон байна.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ