Орхигдсон хотын “ДИЖИТАЛЧЛАЛ”

Хуучирсан мэдээ: 2024.07.04-нд нийтлэгдсэн

Орхигдсон хотын “ДИЖИТАЛЧЛАЛ”

Орхигдсон хотын “ДИЖИТАЛЧЛАЛ”

Япон улсын хүн амын өсөлт буурч буй нь тус улсын алслагдмал мужуудад хамгийн хүнд цохилт болж буй. Зарим мужуудын оршин суугчид Токио, Киото, Фүкүока зэрэг томоохон хотуудад суурин байхыг илүүд үзсэнээс болж алс нутгийн жижиг хот, тосгонууд санхүүжилтгүй болох хэмжээнд хүрчээ. Гэхдээ уулархаг бүс нутаг болох  Ямагата мужийн захиргаа тулгамдаж буй асуудлыг даван гарах шинэ санааг хэрэгжүүлсэн байна.

Энэ нь дижитал оршин суух хөтөлбөр юм.

Дижитал оршин суух хөтөлбөрөөр дамжуулан урьд цагт уул уурхайн хот гэгддэг байсан жижиг хот  шинэ оршин суугчидтай болж, санхүүжилтээ мөн адил шийдэж чаджээ. Энэхүү аргыг бусад мужууд хүртэл сонирхож туршиж эхэлсэн байна.


Нийт 4,600 оршин суугчтай Нишикава суурин нь “NFT” (non-fungible token) технологийг ашиглан өвөрмөц дижитал оршин суух картыг санал болгож буй. Энэ нь дижитал хэлбэрт шилжсэн Японы анхны хот юм. Улс орон даяар 680 хүн жижиг хотын амьдралыг амтлахаар Нишикавагийн “NFT”-д бүртгүүлжээ.

Осакад ажиллаж, амьдардаг нэгэн эмэгтэй их хотын амьдралаас түр завсарлаж, уулсын дунд амар жимир, байгалийн сайхныг мэдрэхийг хүссэн тул дижитал оршин суух хөтөлбөрт бүртгүүлжээ. Тэрбээр "Осака бол маш их хүнтэй, том хот суурин газар. "Тиймээс, Нишикавагийн байгалийн баялаг зэрлэг ногоо, булгийн ус зэрэг нь маш сонирхолтой санагдаж байна” гэжээ.

Нишикавад  хурдны галт тэрэг болон бусад орон нутгийн тээврийн хэрэгслээр хүрэх боломжтой ба  Токиогоос дөрвөн цагийн зайд байрладаг. Хүн ам нь 1954 онд дээд цэгтээ хүрч, 15,700 орчим байжээ. Гэвч өнөө цагт байнгын оршин суугчдын бараг тал хувь нь 65 ба түүнээс дээш настай юм. Тус суурин дан ганц хүн амын цөөрөлттэй тулгараагүй юм. Хүн амын стратегийн зөвлөлөөс саяхан гаргасан тайланд, Япон даяар 740 гаруй суурин, хотын захиргаа оршин суугчгүйгээс болж алга болох эрсдэлтэй байгааг тогтоожээ. Мөн тухайн газруудын залуу эмэгтэйчүүдийн тоо 2050 он гэхэд хоёр дахин буурах төлөвтэй байгаа. Энэ нь төрөлтөд ихээхэн нөлөөлнө.

ШИНЭ ДАРГА, ШИНЭ САНАА

Нишикавагийн оршин суугчид хоёр жилийн өмнө  төрөлх хотынхоо авъяаслаг нэгэн болох 43 настай  Канно Дайшийг хотын даргаараа сонгосон юм. Түүний эрхэм зорилго бол хотын оршин суугчдыг эргүүлэн татаж, хүн амын бууралтыг багасгаж, нийгмийн нэг хэсэг байх нь юу гэсэн үг болохыг дахин эргэцүүлэн харуулах аж.

Дижитал оршин суух хөтөлбөр нь түүний санаа юм. Канно хэлэхдээ "Өмнө нь харж байсанчлан бидний асуудлыг зөвхөн оршин суугчдын хүчин чармайлтаар шийдэх нь хэцүү байдаг. Бид  цахим орчинд байх хүн амын хүчийг ашиглан хотыг тогтвортой байлгахыг хүсч байна” гэжээ.

"Цахим хүн ам" гэсэн нэр томъёо нь Нишикавад амьдардаггүй боловч тус хоттой холбоотой байх, дэмжлэг үзүүлэхийг хүсдэг хүмүүсийг хэлнэ.

Нишикавагийн дижитал оршин суугч болж  бүртгүүлэхийн тулд 1000 иен  буюу ойролцоогоор 6 ам.доллар төлдөг. Үүнд бүртгүүлснээр тус мужийн халуун рашаанд үнэ төлбөргүй зочлохоос гадна арга хэмжээнүүдэд виртуалаар нэвтрэх боломжтой.
Анх 1,000 дижитал оршин суугч бүртгэхээр төлөвлөж байсан ч 13,000 хүн бүртгүүлжээ. Эдгээр хүмүүсийн гол хүсэл нь жижиг хотод рамт олонтой болох байсан. Тэдний нэг нь 40 настай Ширакава Ёшими бөгөөд тэрбээр Токиогоос бүртгүүлсэн дижитал оршин суугч юм. Тэрбээр Нишикавад таван удаа очиж, нутгийн найзуудтай болжээ.

"Одоо би буцаж ирэхдээ гэртээ байна гэж хэлж чадах юм шиг санагдаж байна. Энэ их онцгой нандин зүйл юм” гэв.

Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш тус хотод жил бүр цугларсан хандивын хэмжээ 360 сая иен буюу 2.3 сая ам.долларт хүрчээ. Энэ нь сүүлийн хоёр жилийн хугацаанд орлогын түвшин 250 хувиар өссөн үзүүлэлт юм.

Хүмүүсийн сонирхлыг нэмэгдүүлэхийн тулд Нишикава өөрийн гэсэн аппликейшн бүтээж,хотын бүтэн бичлэгийг хийсэн. Ингэснээр гар утсаар хотыг булан тохойгүй мэдэж авч, аялаж болно. Өнгөрсөн жил 3,600 гаруй хүн үүнд оролцсон нь эдийн засгийн хувьд нэг сая ам.доллар давсан гэсэн тооцоо гарсан.
Нишикавагийн амжилтыг бусад бүс нутгийн албаныхан анхааралтай ажиглаж байна. Ибараки мужийн Ячиё хотын дарга Номура Исаму туршлага хуримтлуулахаар  Ишикавад иржээ.  Тэрбээр "Хотын захирагч Канногийн арга хэмжээ нь хотын гадна амьдардаг залуучуудыг татдаг бололтой. Энэ бол гайхалтай бөгөөд миний сурахыг  хүсч буй зүйл" гэв.

ТУСЛАМЖ ХЭЗЭЭД ХЭРЭГТЭЙ

Нишикава зэрэг олон жижиг хотууд орон сууц, хүүхэд асрах үйлчилгээ үзүүлдэг. Гэвч залуучууд Токио зэрэг томоохон хотуудад боловсрол эзэмшиж, ажлын байр олохоор хошуурсаар байна. Японы засгийн газраас жижиг хотуудын эдийн засаг, хүн амыг нэмэгдүүлэх зорилгоор татварын хөнгөлөлт, урамшуулал амалдаг. Ингэснээр тухайн жижиг хотуудад тусламж үзүүлж буй хэлбэр гэж засгийн газар үзжээ.  Мөн хөдөө орон нутаг руу шилжиж, үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаа аж ахуйн нэгжүүдэд илүү их татварын хөнгөлөлт үзүүлж байна.

Гэсэн хэдий ч хүн амын нийт хандлага өөрчлөгдөхгүй хэвээр. Нишикава хотод одоогийн байдлаар гадаад дотоодын зочдод зориулсан төв болон хамтран ажиллах талбай зэраг  шинэ байгууламжийн барилгын ажил хийгдэж байна. Энэ хот зөвхөн очиж үзэхэд таатай газар төдийгүй ажиллаж, амьдрах боломжтой газар гэдгээ харуулахыг хүсч байна.

Канно "Япончууд өөрсдийн хүсэл тэмүүлэлтэй байгаа  зүйлдээ маш их дэмжлэг үзүүлэх нь хэвийн үзэгдэл. Тийм учраас би Нишикавагийн хүн амыг аль болох өсгөхийг хүсч байна” гэлээ.

Эх сурвалж: NHK JAPAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж