Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд найрамдах Казахстан улсын нийслэл Астана хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцох үеэрээ ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Владимирович Путинтай уулзлаа.
Ерөнхийлөгч нарын уулзалтын талаар ОХУ-ын "Tass", "Interfax" зэрэг цөөн хэвлэлд онцолжээ. Мөн Кремлийн албан ёсны цахим хуудсанд Путины хэлсэн үгийг оруулсан байна.
"Interfax" хуудсанд онцолсноор эрчим хүчний салбарт Орос, Монголын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бий гэж Путин мэдэгдсэн аж. Тодруулбал, тэрбээр "Эрчим хүч бол бидний хамтын ажиллагааны гол салбаруудын нэг байсаар ирсэн, одоо ч хэвээр байна. Энэ ажлыг хялбар, үр дүнтэй аргаар зохицуулж байгаа ч гэлээ нүүрсустөрөгч, цахилгаан эрчим хүч зэрэг байдлаар илүү өргөтгөх тухай ярилцах боломж бий. Бидэнд хэлэлцэх зүйл бий. Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын хэлэлцээг эцэслэн боловсруулж байна. Энэ нь бидний харилцааны хууль эрх зүйн үндсийг албан ёсоор бэхжүүлээд зогсохгүй шинэ бодит боломжийг бий болгох сайхан алхам болно гэдэгт итгэж байна" гэжээ.
Кремлийн албан ёсны хуудсанд нийтэлсэн Путины хэлсэн үгийг доор хүргэж байна:
"Тантай дахин уулзаж байгаадаа баяртай байна. Энэ жил бид Халхын голын ялалтын 85 жилийн ойг тэмдэглэж байна. Манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, найрамдлын бат бэх, эерэг суурин дээр олон 10 жилийн турш хөгжиж ирсэн. Өнгөрсөн онд хоёр улсын худалдаа бага зэрэг буурсныг энд тэмдэглэх нь зүйтэй. Гэхдээ энэ жил мэдэгдэхүйц өөрчлөлт гарч, 2024 оны эхний зургаан сарын хугацаанд өсөлттэй байлаа. Бид хүмүүнлэгийн харилцаагаа үргэлжлүүлэн хөгжүүлсээр байна.
Орос дахь монгол оюутнуудын квот хамгийн өндөр буюу 620 гэдгийг энд онцолмоор байна. Энэ тоог цаашид ч өсгөхөд бэлэн байна.
Шаардлагатай үед, ялангуяа Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй асуудал тулгарвал бид үр тариа, бусад бараа бүтээгдэхүүн, эрчим хүч зэрэг тусламжийг үнэ төлбөргүй хүргэхийг хичээдэг. Эндээс харвал эрчим хүч нь бидний хамтын ажиллагааны томоохон салбаруудын нэг хэвээр байна. Энэ ажил хэвийн явагдаж байгаа ч өргөтгөх боломж бий. Бид нүүрсустөрөгч болон цахилгаан эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх тухай ярилцах боломжтой. Хоёр улсын харилцааны бүхий л хүрээнд, тэр дундаа олон улсын үйл хэрэгтэй уялдаа холбоотой хүчин чармайлтын талаар санал бодлоо солилцох завшаан гарсанд таатай байна. Бид НҮБ болон Шанхайн хамтын ажиллагааны байгууллага зэрэг платформд өргөн цар хүрээтэй ажиллаж байна. Бид Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын хэлэлцээг эцэслэн боловсруулж байна. Энэ нь хоёр улсын харилцааны эрх зүйн орчинг албан ёсоор бэхжүүлэх, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бодит шинэ боломжийг бүрдүүлэх бас нэгэн дэвшилттэй алхам болно гэдэгт итгэж байна. Тантай уулзсандаа маш их баяртай байна.
Мэдээж танай нам сонгуульд ялалт байгуулсанд баяр хүргэе. Үндсэн хуульд заасны дагуу та Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө намаасаа гарсан гэж би ойлгож байгаа. Гэсэн ч энэ бол таны холбоо хамаарал бүхий нам. Танай нам ялалт байгуулсан нь таны дотоод улс төрийн бас нэгэн амжилт. Баяр хүргэе" гэжээ.
Төрийн тэргүүн нар Монгол, Оросын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бүр гүнзгийрүүлэх, шинэ агуулгаар баяжуулах зорилтын хүрээнд хоёр талын худалдааны татварыг бууруулах, дэд бүтэц, эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын томоохон, төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцов.
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалын тэргүүлэх чиглэл байдгийг нотоллоо.
Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны хооронд Чөлөөт худалдааны тусгай хэлэлцээр байгуулах яриа, хэлэлцээ амжилттай өрнөж байгааг ерөнхийлөгч нар онцолж, энэ онд багтаан талууд гарын үсэг зурахын төлөө байгаагаа илэрхийлэв. Хэлэлцээрийг байгуулснаар хоёр талын худалдаа төдийгүй дэд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуй зэрэг стратегийн чухал ач холбогдолтой салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжихөөс гадна хамтарсан аж ахуйн нэгж, үйлдвэр байгуулахад түлхэц үзүүлнэ гэдэгт санал нэгдлээ.
Мөн 2024 онд Халхын голын тулалдааны хамтын ялалтын 85 жилийн ойг хамтран тэмдэглэх нь хоёр улсын иргэд хоорондын харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болно гэж үзэж байгаагаа хоёр улсын төрийн тэргүүн нар илэрхийлэв.
Уулзалтаар мөн “УБТЗ” ХНН-ийн төв шугам, Дулааны гуравдугаар цахилгаан станцын шинэчлэл, зүүн, баруун төмөр зам, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих зэрэг томоохон бүтээн байгуулалтын явцын талаар ярилцлаа.












Эх сурвалж: INTERFAX, KREMLIN
Холбоотой мэдээ