Дүүргийн Засаг дарга нарыг шинээр томилно

Хуучирсан мэдээ: 2024.07.04-нд нийтлэгдсэн

Дүүргийн Засаг дарга нарыг шинээр томилно

Дүүргийн Засаг дарга нарыг шинээр томилно

Нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Засаг дарга нарыг шинээр томилох шаардлага үүсээд байна. УИХ-ын 2024 оны сонгуульд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нар өрсөлдөж ялалт байгуулснаар УИХ-ын гишүүн болсон. Иймээс дээрх дөрвөн дүүрэгт Засаг дарга нарыг шинээр томилох шаардлага үүсээд буй.

Одоогоор дээрх дүүргүүдийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Засаг даргад нэр дэвшигчийг хэлэлцэх хурлыг хараахан товлоогүй байгаа ч горилогчид тодорч эхэлжээ.

Тухайлбал, Хан-Уул дүүргийн Засаг даргад орлогч Б.Цэрэн нь горилж байгаа тухай хэвлэлүүд мэдээлж эхэлсэн бол Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ж.Сандагсүрэн томилогдох магадлал хамгийн өндөр талаар яригдаж байна. Тэрбээр 2016-2020 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын алба хашиж байсан юм.

Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргаар орлогч Д.Отгонбаатар, М.Алтангэрэл нар нь томилогдоно гэх шуум гарч эхэлсэн. Засаг дарга нарын орлогч нар нь шинэ Засаг дарга томилогдтол дүүргийнхээ ажлыг зангидна.

Үүнээс гадна Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх нар энэ удаагийн УИХ-ын сонгуульд өрсөлдсөн ч ялагдсан. Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх сонгуульд өрсөлдөөд ялагдсан хариуцлага хүлээж, албан тушаалаасаа чөлөөлөгдөнө гэдгээ мэдэгдсэн. Харин Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатарын хувьд хариуцлага хүлээх эсэх асуудлаар байр суурь илэрхийлээгүй байгаа юм.

Ирэх аравдугаар сард орон нутгийн сонгууль болно. Ердөө гурван сарын дараа энэхүү сонгууль болох тул дээр нэр дурдсан дүүргүүдийн Засаг дарга нарыг яаралтай томилох шаардлага ч байгаа юм.

Хуульд зааснаар дүүргийн Засаг дарга нарыг харьяа дүүргийнх нь Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаас санал болгож, нийслэлийн Засаг дарга батламжилна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
БурууБуруу
5
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж