Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмаар гадаадын зочин гийчин олон ирэх нь ээ. Үндэсний баяр наадмыг гадаадын жуулчин олноор сонирхон ирэхээс гадна төрийн айлчлалаар Бутаны хаан гэр бүлийн хамт наадам үзэх гэнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бутаны хаант улсын Цог жавхлант хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук 2024 оны долдугаар сарын 8-15-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийх юм. Тэрбээр гэр бүлийн хамтаар Үндэсний их баяр наадмын нээлт болон бусад ёслолын ажиллагаанд хүндэт зочноор оролцох аж.
Энэхүү айлчлал нь манай хоёр улс 2012 оны нэгдүгээр сард дипломат харилцаа тогтоосноос хойш Бутаны хаант улсын Цог жавхлант хааны Монгол Улсад хэрэгжүүлж буй анхны төрийн айлчлал гэдгээрээ онцлог. Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар Ц.Батнайрамдал ажиллах бөгөөд нээлт болон хаалтын арга хэмжээг 2.9 тэрбум төгрөгөөр зохион байгуулах төсөв батлагдсан юм.
Холбоотой мэдээ